Жүдо бөхийн 2017 оны өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 07 дугаар сарын 12-оос 17 ны өдрүүд Киргиз улсын Бишкек хотод зохиогдож байгуулагдлаа. Өсвөр үеийнхний тэмцээн 12-оос 14-ний өдрүүдэд явагдлаа.

Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн 2 тамирчин дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээний хөвгүүдийн 50 кг-ийн жинд барилдсан өсвөрийн шигшээ багийн тамирчин 39 дүгээр сургуулийн сурагч Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол охидын 57 кг-ийн жинд өсвөрийн шигшээ багийн тамирчин, 57 дугаар сургуулийн сурагч Ц.Цэрэндолгор жиндээ түрүүлж аваргын алтан медаль хүртэн Ази тивийн аварга боллоо.

Мөнгөн медаль хүртсэн Г.Тэмүүжингийн хувьд финалын барилдаанд үндсэн болон нэмэлт цагийн хугацаанд өрсөлдөгч Казакстаны тамирчныг илүүрхэн барилдаж алтын энэтэй мөнгөн медаль хүртлээ.

Монгол улсаа төлөөлөн дүүргийнхээ нэр хүндийг өргөж амжилт гаргасан хоёр тамирчиндаа баяр хүргээд удахгүй Чили улсад зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилт гаргахыг хүсье. Мөн тэмцээнд оролцоход санхүүгийн асуудлыг шийдвэрлэн дэмжсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооны хамт олон удирдлагууд болон дэмжиж ажилласан Монголын Жүдо бөхийн холбоо, мөн тамирчдын ар гэр бүлийнхэн, нийт дэмжсэн бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.