Фельетон

 

Эрт балар цагт биш эдүүгээ одоо цагт нэгэн "Нисдэг НОЁН"байна гэнээ. Юу сонсох нь энэ вэ?  Эрт балар хэзээ ч юм "нисдэг бөө" гэж байсан тухай л үлгэр домог шиг юм сонсч байснаас энэ цагт нисдэг хүний талаар огт сонсож байсангүй. Орос ардын үлгэрт гардаг шүүр унаад нисдэг шулмын тухай бол харин хөгшин хөвөөгүй бүгд мэдэх байх. Аа тийм Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений “Дээвэр дээр суудаг Карлсон” номыг багадаа уншиж байснаа санаж байна. Тэгсэн хөөе манайд мань Карлсон гайхалтай чинь тун адилхан “НИСДЭГ НОЁН" байна гэнэ. Байх байхдаа баруун хязгаарт, Ховдын хонхорт байдаг аж. 

 

Карлсонтой царай төрхөөрөө ч тун адилхан "НИСДЭГ НОЁН" маань Карлсоноос хамаагүй хол тив алгасч нисдэг бас аймгийн намын хороо, аймгийн Засаг дарга гээд албан тушаалын хос жигүүртэй. Зохиолд гардаг золбин Карлсон нэг муу жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг бол “НИСДЭГ НОЁН" ажил албан тушаалтай төдийгүй Ховдод гэртэй, хотод гэртэй, бүр гадаадад ч гэртэй байж магадгүй болоод байна. Нутаг усаа хөгжүүлэхээр үүрэг авсан ноёнтон Яагаадбайнга нисдэг болов. Хот хөдөөгүй  гэртэй “НИСДЭГ НОЁН"  Ховдод ер тогтохгүй хот руу 7 хоног бүр ниснэ, саатаж хэзээ ч суухгүй сар болгон гадаад руу ниснэ. 

 

Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисдэг бол “НИСДЭГ НОЁН"  аймгийнхаа төсөв рүү гараа шургуулангуут нислэгийн зардал нь илбэ шидийн юм шиг тэр дорхноо бэлэн болж гадаад далайруу байнга  аялаж галуу шувууны мах ихэд зооглох болжээ. 

Өнөө муу Карлсон “Би бүгдийг хийж чадна” гэж онгирох дуртай болНИСДЭГ НОЁН"  "Би нисэх дуртай" гэж аархах дуртай. 

 

Тамын тогооны үлгэрээр атаархаж аахилсан хүмүүс Зөвхөн нислэгийн зардалдаа 50 саяыг төсвөөс зувчуулсан"НИСДЭГ НОЁН"  "-ны маань сэнсийг эвдээд хаячихаж. 

 

Сүүлийн ганцхан жилд 33 удаа хотод байдаг гэртээ тухлаж, 15 удаа гадаад далайг зорьсон “НИСДЭГ НОЁН"  маань улсын рекордыг  эвдэж дэлхийн рекорд тогтоохоор сэтгэл шулуудан, үүнийгээ Гиннесийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Зөвхөн 11-н сард гэхэд  2-оос 3 удаа хот руу ниссэн түүнийг атаархал нь аахил нь дийлдэхгүй хүмүүс далавчийг нь тасдаад, далийг нь хугалаад мөрөөдлийг нь үгүй хийжээ.

 

“НИСДЭГ НОЁН"   аймгийн намын хороо, аймгийн Засаг дарга гээд албан тушаалын хос жигүүртэй байсан юмсан. Гэтэл ус нутгаа мартаж, улсын ажлыг умартаад хөх тэнгэрт дүүлэн нисдэг хөөрхий даргыг маань далавчтай хэрнээ нисч чаддаггүй тахиа шиг болгоод тайраад орхиж. Тайрах тайрахдаа өрөөсөн далавчнийх нь бүр 93 хувийг нь тайрсан байгаа юм даа. Үлдсэн далавчнийх нь бас талаас нь хавь илүүг нь тасдаад ураад орхиж. 

 

Ингээд л хөөрхий дарга минь "Хос хунгийн дууль" дээр гардаг шиг "Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд нисч үхэхээр шийдтэл" далавч байсангүй, даль жигүүрийг минь эргүүлж өг гэж дарга нар луу гүйсэн ч өмгөөлөх хүн үнэндээ олдсонгүй. 

 

Засгийн газраа байгуулсан дор "Төрд нэг ч нисдэг дарга ажиллуулахгүй" гэсэн Ерөнхий сайдын үүдээр эргэлдэж, үг дайсан “НИСДЭГ НОЁН”-ы хүсэлнь биелэлгүй хүндхэн байгаа сурагтай. 

 

Цагтаа Ховдын хязгаарт Маньбадар гүн шиг малилзаж явсан муу даргыг маань өнөө муу Иргэдийн хурлын иргэдээ боддог туучийнууд чинь Засаг дарга байхдаа завшсан идсэн чинь дэндлээ, хошуу ноён байхдаа хуссан тоншсон чинь ихэдлээ гээд Ард Аюушийн дугуйлангийнхан шиг тойрч сууж байгаад, ажил албаа өг гэж шахаан доогуур шургуулах дөхөөд, Ховдод юу ч хийсэнгүй гэж хойно урдаас нь баалаад, дэлхийгээр тэнэсэн чинь ихэдлээ гэж дээр дооргүй дайраад огцруулж орхив. 

 

Та нар сонс доо. Муусайн юмнууд зүгээр ч нэг огцруулаад орхихгүй, "...одоо энэ муу нисч чадахаасаа өнгөрлөө" гэсэн шиг нижигнэтэл алга ташиж, уухайлан баярлалдаж уурыг нь  барж тохуурхсан байгаа юм чинь...

 

“НИСДЭГ НОЁН”ингээд нисэхээсээ өнгөрөв өө хөөрхий. Хууч ярианд нисдэг бөө гэж гардаг шиг хожмын өдөр “НИСДЭГ НОЁН”- ны тухай нэлээд сайнгүй түүх үлдэх байх даа. Хамаагүй нисэх ч халгаатай даг аа...

www.zuv.mn