Шинэ жилийн баярын хамгийн сайхан нь гэр бүлээрээ модоо засах байдаг. Энэ утгаараа гацуур мод, тоглоом чимэглэлийн үнэ худалдааны төвүүдэд ямар байгааг сонирхлоо. Гацуур мод чимэглэлийг жил бүр хамгийн хямдханаар “Наран туул” олон улсын худалдааны төвд худалдаалдаг.

Энэ жилийг өмнөх оныхтой харьцуулахад үнэ нь харьцангуй нэмэгдсэнийг худалдаачид онцлов. Жишээлбэл, 0.9-3 метрийн өндөртэй гацуур модыг 40-500 мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин чимэглэл саа, тоглоомны хувьд 500-25000 төгрөгийн үнэтэй байна. Та бидний сайн мэдэх “Соёолж” худалдааны төвд шинэ жилийн өргөтгөсөн худалдаа болж буй. Тэнд 1.8 метр өндөртэй гацуурыг 215000, дөрвөн метртэйг нь 1490000 мянган төгрөгөөр худалдаалж байна. Албан байгууллагын гадна талбайд засч байрлуулах боломжтой 2.5-10 метрийн өндөртэй гацуур моддыг 350 мянган төгрөгөөс 15 сая төгрөгийн хооронд худалдаалж буй. Харин тоглоом чимэглэлийн үнэ 300 төгрөгөөс эхэлж байв.

Иргэдийн олноороо үйлчлүүлэх болсон И-Март сүлжээ дэлгүүрт шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэнд гацуур модыг 79800-938 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна.

Мөн дэлгүүр орох завгүй иргэдэд зориулан гацуур мод шинэ жилийн чимэглэлийг багтаасан худалдааг онлайнаар хийх болжээ. Жишээлбэл, 210 см-тэй гацуур мод /таван хошуу, 25 метрийн урттай 260 толгойтой лед гэрэл, таван метрийн урттай тууз нэг ширхэг, гурван ширхэг улаан баантаг, долоон см диаметртэй 24 ширхэгтэй нэг хайрцаг тоглоом, 160м хашаа/ 186000 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

 

Г.Нямсүрэн