Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгийн дутагдалтай хичээлийн жилээ өнгөрөөх болсон. Өнөөдөр ч зарим аймгийн XII ангийн сурагчид сурах бичиггүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, төгсөх ангийн сурагчид хичээлийн хагас жилийг сурах бичиггүй өнгөрүүлээд байна.

Гэтэл дээрх асуудлыг шийдвэрлэх, хүүхдүүдийг сурах орчноор хангах ёстой салбар яамны зарим дарга нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгөөрөө бусад дарга нарт бэлэглэх боть ном авах санал гаргажээ.

Уг үйлдэлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа эгдүүцэж буйгаа илэрхийлэн салбарын дарга нартаа хатуухан үг хэллээ. Тэрбээр “Зарим аймгийн XII ангийн сурагчдад сурах бичиг өнөөдрийг хүртэл очоогүй. Гэтэл манай яамны дарга нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгө болох 155 сая төгрөгөөр таван боть ном авах санал оруулж ирлээ. Би өмнөөс нь шидсэн. Хүүхдүүд нь сурах бичиггүй байхад шинэ жилээр дарга нарт бэлэглэх юун таван боть ном бэ. Боловсролын салбар ийм дампуу болсон байна. Үнэн биз, дарга нар аа” гэв.