Маргот Воелк гэдэг эмэгтэй германы дарангуйлагч Адольф Гитлерийн хоолыг амтлагч байснаа хүлээн зөвшөөрсөн. Хатагтай Воелк 95 настай.

Тэр дайны жилүүдэд хийж байсан ажлынхаа тухай өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр анх удаа ярьжээ. 20 настайгаасаа тэр Гитлерийн идэх хоол хортой эсэхийг шалгахын тулд түүний хоолыг амтладаг байсан 15 бүсгүйн хамт хоёр жил хагас ажилласан байна. Өдөр бүр нь түүний хувьд сүүлчийнх байж болох байсан бөгөөд учир нь фашистуудын сэжиглэл үндэслэлгүй байгаагүй. 1944 оны долдугаар сарын 20-нд хурандаа нарын нэг Гитлерийн “Чонын үүр” командлалын цогцолборт бөмбөг дэлбэлсэн билээ. Гитлер амьд гарсан ч, фюрерын амь насанд халдах гэсэн хэргээр 5 мянга гаруй хүн, түүний дотор бөмбөг дэлбэлсэн хурандааг цаазласан юм. 

Гитлер цагаан хоолтон байжээ. Воелкийн хэлснээс үзвэл, Германы ихээхэн хэсэг хүнсний хомсдолтой тулгарсан хоёрдугаар дайны сүүлчээр ч Гитлер спарж, амтат перец болон жимс жимсгэнэ зэрэг тэр үеийн тансаг хоол идэж байсан байна. Гитлер цагаан будаа, шпагетти идэх дуртай байсан гэж Воелк хэлжээ. Тэр Гитлертэй хэзээ ч нүүр тулан уулзаж байгаагүй, харин хоолыг шалгуулахаар авчирсан байсан түүний хамгаалалтынхантай л харьцдаг байсан байна. Хэлмэгдүүлэлтэд өртөхөөс эмээн, өөрийн цэргийн ажлыг тавь гаруй жил нууцлаж байснаа тэр бас ярьжээ. Гитлерийн төлөө ажиллаж байсан 15 эмэгтэйгээс Воелк ганцаараа амьд сэрүүн байгаа ажээ. Берлинийг эзлэх үеэр Улаан армийн цэргүүд бусад бүсгүйг буудан алсан гэж тэр хэлсэн байна.

 

 

 

Нас дээр гарч, байшинд нь цахилгаан шат байхгүй учир Воелк өрөөнөөсөө гаралгүй найман жил болжээ. Дайны тухай мартахыг оролдож байгаа учир, одоо Гитлерийн төлөө ажиллаж байсан дуртгалаа хуваалцаж байгаа маань энэ гэж тэр ярьжээ.