Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Үүнээс үүдэн гадаад паспортаа солиулах гэсэн иргэд очер дараалал үүсээд байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны гадаа 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тус газар өдөрт 600 хүн хүлээн авах хүчин чадалтай ч одоо 800 хүнд үйлчилж байна.

 

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг.

 

Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

 

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно.

 

 

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

 

- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх 
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг 
- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ / 
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

 

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД

 

- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх 
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.