НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан оролцов.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд газартай холбоотой 530 гаруй  өргөдөл, гомдол иржээ. Үүний 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар иргэд дурджээ. Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөлгүй олон жил хүндрүүлдэг, газар эзэмших эрхийг нь хууль зөрчин бусдад шилжүүлдэг, давхардуулан олгодог, шүүхийн шийдвэрийг зөрчин иргэдийг хохироодог зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд их байгаа нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хохирол учруулж байгааг иргэд сануулж байв.  Дээрх асуудлуудаас үүдэлтэй гэр бүл салах, амь нас, эд хөрөнгөө алдах зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал ч олон гардаг байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXVIII хорооны өндөр настан н.Цогоо газраа 2008 онд өмчилж авчээ. Ингээд санаа амар сууж байтал нэг л өдөр өөр хүн “Газраа чөлөөлж өг. Энэ миний газар” гэсээр бичиг цаас барьсаар ирсэн байна. Адгийн зарга 10 хоног гэгчээр энэ маргаан явсаар өнөөдөртэй золгожээ. Үүнтэй адил маргааныг тус дүүргийн хэд хэдэн хүн нийслэлийн удирдлагуудад “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үеэр хаяглаж байлаа. Ерөөсөө Баянзүрх дүүргийн Газрын алба авлигад идэгдсэн гэж иргэд бухимдаж, асуудлыг яг одоо шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан юм. Өнгөрсөн онд газартай холбоотой асуудлаар 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж нэхэмжлэл гаргаснаас 96-г шийдвэрлэж, 120 орчим нь шүүхийн шатанд  байгаа гэдгийг мөн онцолж байв.  Зөвхөн Баянзүрх дүүрэгт л гэхэд 1785 хүн газраа өмчилж авч чадаагүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.  Мөн нийслэлд газрын үнэлгээг хавтгайруулж хийсэн нь хамгийн том алдаа болсон хэмээн тус хэлэлцүүлэгт урилгаар оролцогчид хэлж байв.  Хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүсийн байр суурийг хүргэе.

 

“Монголын газар зохион байгуулалтын холбоо” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Л.Уранбилэг:

 

-Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт хоёр зөрчилдөөн үүсдэг хоёр өөр субъект. Газрын асуудалд улс төр байнга ордог учраас хэт замбараагүй болсон. Уг нь бол ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийгдэх ёстой. Агаар, хөрсний бохирдолтой газрын үнэ цэнэ улам бүр унана. Олон улсад хот тэлэх ёсгүй гэж үздэг.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Газрын тухай хуулийг цаг үеийн шаардлагаар өөрчлөн найруулах шаардлагатай байна. Иргэд газрын албанд ирэхэд мэдээлэл тодорхойгүй, байцаагч гадагшаа гарсан, дотоод ажилтай гэдэг. Чирэгдэл их үүсдэг. Иргэдийн гомдол шийдэгдэхгүй байгаа нь газрын албаны байцаагч нарын хүнд суртал, авлигатай холбоотой. Нийт өргөдөл, гомдлын 9 хувийг эзэлж байна. Бага юм шиг сонсогдож байгаа боловч үүний ард олон хүний хувь заяа, аж амьдралтай холбоотой байдаг.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Иргэдэд газрын албаны мэдээлэл ил тод байдаг болмоор байна. Газрын албаны сайт руу нэвтрэхэд хүн өөрийгөө ямар газартай вэ гэдгээ харчихдаг, өөрийнх нь нэр дээр газар давхардсан эсэхээ харах боломжтой болгомоор байна.

 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:

 

-Манай дүүрэгт иргэдэд олгох газар үлдээгүй. Дүүрэг, газрын албад иргэдийг мэдээллээр хангадаггүй. Иргэдийн өргөдөл, гомдлыг маш удаан шийд­вэр­лэдэг. Дэд бүтцийн асуудлыг шийдэж өг­дөггүй. Иргэд яагаад газар авч болдоггүй юм. Гэтэл мөнгөтэй хүн төсөл нэ­рээр газар авчихдаг. Үнэн хэрэгтээ ядарсан ир­гэд газар худалдаж авдаг юм.

 

Ийнхүү хэлэлцүүлгээс иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргаж, газрын харилцаатай иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөмжид тусгаж холбогдох албадуудад үүрэг болголоо.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин