Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр бэлтгээд байна.

Тодруулбал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоохоор төлөвлөжээ.

Ингэхдээ Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоохоор гэнэ.

1/ Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

2/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

3/ бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

Ингэхдээ 100 хүртэл гадаад хүнийг Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох байршлыг дор дурдсанаар тогтоох юм.

1/ Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;

2/ Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;

3/ бусад аймагт 2-оос дээшгүй. Харин цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлах зөвшөөрөл олгоход энэ тогтоолын хязгаарлалтад хамааруулахгүй байх гэнэ.

Уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх болно.Үүнээс өмнө байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно