Гадаа ил задгай орхисон машинуудыг тонодог хулгайч нарын арга үйлдэл цаг үеэ дагаад улам нарийсч байна. Түмэн олонд хөл залгуулдаг таксины жолооч хүртэл хэнээс айж эмээхгүйгээр бусдынхаа машиныг тонодог болжээ.

Тэр тусмаа хамгийн олон такситайгаараа толгой цохидог, замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй “Улаанбаатар такси” компанийн жолооч бусдын машиныг тонож байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Өнөө өглөөний 06:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Сансарын шатахуун түгээх станцын хажууд байдаг 9 давхар 57 дугаар байрны гадаа байсан 17-12 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 машины зүүн талын урд хойд хоёр дугуйг тайлж байсан хулгайчийг машины эзэн  үйлдэл дээр нь барьжээ.
 
Хулгайч 30 орчим насны эрэгтэй байсан бөгөөд 14-93 УНС улсын дугаартай “Улаанбаатар Такси” компанийн жолооч ажилтай нэгэн аж. Тэрээр өөрийн машинаа тонож байгаа машины хажууд хааж тавьж  машиныхаа дугуйг тайлж байгаа мэтээр хулгай хийж байжээ.
 
 
Энэхүү үйлдлийг харсан хөрш айлын хүн цагдаа дуудаж, машины эзэнд хэлснээр тэрхүү хулгайчийг үйлдэл дээр нь барьсан байна. Цагдаа ч 10 минутын дотор ирсэн байна.  
Дашрамд өгүүлэхэд Приус-20 машины орж ирсэн нэг ширхэг шинэ дугуйны хамгийн доод үнэ нь 150 мянган төгрөг байдаг аж.
Харин “Улаанбаатар Такси” ХХК нь “Бодь” группын охин байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Тус хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.