Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.


-Сүүлийн үед хулгайлах гэмт хэрэг маш их газар авсан талаар мэдээлэх боллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 33000 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 12000 нь хулгайлах гэмт хэрэг байсан. Энэ нь нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж байна гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 34 хувиар огцом өссөн. Сүүлийн арван жилийн судалгаанаас үзэхэд хулгайлах гэмт хэрэг буурч, өсөх ч үе байсан. Гэхдээ 5-10 хувийн өсөлттэй л гардаг байсан. Харин өнгөрсөн онд 34 хувиар өссөн нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт юм.

-Цагдаагийн байгууллага хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна?

-Цагдаагийн Ерөнхий газар хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болсон. Энэ хүрээнд 14 хоногийн хугацаатай “Сэрэмжилье, нэгдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, олон ажил хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, олон нийтэд нөлөөлөх шторк, ухуулга сурталчилгааны ажлыг радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулсан. Мөн нийслэл хотын хэмжээнд “Илрүүлэлт-оргодол” арга хэмжээг зэрэг зохион байгуулсан. Уг арга хэмжээгээр дамжуулж, хулгайч нарыг баривчлах, ноцтой хэргийг илрүүлсэн. Удахгүй Цагаан сарын баяр болно. Хулгайчаас урьдчилан сэргийлэхээр гудамжинд үйлдэгдэж буй хулгайчдыг барих, иргэдэд нөлөөлөх гэсэн арга хэмжээ зохион явуулж байгаа.

-15 настай хүү хулгай хийж, гурван жилийн хугацаанд 60 машин хулгайлсан гэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу. Өөр ямар ноцтой хэрэг байгаа юм бол?

-15 настай М олон удаагийн үйлдлээр бусдын машиныг хулгайлан, унаж, эд ангийг нь зарж борлуулдаг байсан нь илэрсэн. Тэрээр маш олон тооны түлхүүр хувилж, ашигладаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөрдөн байцаалтын явцад бусдад 98 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Хэргийг шалгаж байгаа. Мөн 18-35 насны хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан. Нийт 20 гаруй хүн байсан. Ихэвчлэн гэрийн хаалга, тооныг эвдэж ордог, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээс хэрэгцээт зүйлүүдээ дээрэмддэг байсан юм билээ. Мөнгө болчих бүхий л зүйлийг хулгайлж, авч зардаг бөгөөд машин хулгайлдаг байсан. Олсон мөнгөөрөө архи согтууруулах ундаа хэрэглэж, дээрэм хийж, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Гурван жилийн турш уг этгээдүүд нь голдуу дэн буудлуудаар амьдардаг байсан юм билээ. Хулгай хийж олсон мөнгөө дэн буудал, архи, биеэ үнэлэгчдэд зориулдаг байж. Нийт хохирлын хэмжээ нь 200 гаруй сая төгрөг болчихсон. Одоо Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

-Хулгайг ямар аргаар үйлдэх тохиолдол их байна?

-Сүүлийн үед ганц нэгээрээ биш, бүлэглэж хулгайн гэмт хэрэг их үйлдэх болсон. Иргэд цахим орчинд хүртэл хувийнхаа мэдээллийг оруулахдаа болгоомжтой хандахгүй бол хулгайч нар онилох тохиолдол ч бий. Тоон мэдээллээс үзэхэд гар утас хулгайлах гэмт хэрэг их гарч байна. Халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар өссөн. Гар утсыг маш их алдаж байгаа. Дараа нь орон байрны хулгай, гэр хороолол болон алслагдсан дүүргүүдэд хулгай маш их. Ялангуяа монгол гэрийн хамгаалалт их муу байдаг. Хулгайч нар монгол гэр рүү их орж, үнэт зүйлийг авч байна. Үүний дараа малын хулгай их гарч байгаа.

-Гадаадын зарим оронд монголчууд их хулгай хийдэг гэдэг. Үүнээс болж зарим дүүрэг, хороолол, дэлгүүртээ оруулахаа больсон гэсэн?

-Үнэт эдлэл болон өөрийнхөө хэрэгцээт зүйлээ алдаж үзээгүй монгол хүн гэж бараг алга. Монгол хулгайч нар гадаадад гаршчихсан нь үнэн. Гадаадын зарим оронд монгол хүний үнэлэмж байхгүй болсон. Францад “Монгол хүн, нохой хоёрыг дэлгүүртээ оруулахгүй” гэсэн бичгийг тод томруунаар наачихсан байдаг гэсэн. Учир нь Францад үнэртэй усны монгол хулгайч нар гарчихсан. Зүүн Ази болон Европын орнуудад манай халаасны хулгайч нар зохион байгуулалттай болсон. Европын зарим орнууд монголчуудаас бэргэдэг болсон. Тухайлбал, Европын зарим орны брэнд дэлгүүрт орохоор хамгаалалттай, бараа нууцаар авсан тохиолдолд кодны дохиолол дуугардаг. Гэтэл монголчууд цүнхнийхээ дотор талын материалыг ханзалж, тугалган цаасаар бүрээд оёчихдог гэнэ. Үүнийг оёж өгдөг монгол эмэгтэйчүүд ч байж байдаг. Ингээд л дэлгүүрт ороод хувцас хулгайлаад цүнх рүүгээ хийгээд байхад юу ч мэдэгддэггүй. Ийм аргаар авчихсан бараагаа нааш нь боож, баглаад явуулчихдаг. Энэ нь бүр даамжирчихсан. Монголчуудыг гадаадын иргэд зодоон хийнэ, хулгай хийнэ, танхай гэх зэргээр муугаар ярьж байна. Гэмгүй хулгай хийдэггүй нэгнийгээ хэлмэгдүүлж байгаа юм. Ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Мөн Швейцарь, Шведэд нүдний булай болж байна. Австралид гар утсаа алдахаар даатгалын компаниас нь төлж өгдөг юм билээ. Тэгсэн Австралид амьдардаг монголчууд 30 гаруй мянган гар утсаа алдсан гэж мэдүүлээд даатгалын компаниас нь мөнгө авчихсан гэсэн. Австраличууд монгол хүний гар утсыг даатгахаа больчихсон гэж байна лээ. Манайхан ганцхан өөрөө болж байвал болоо гэсэн үзлээр хандах болжээ. Нэг ёсондоо амин хувиа хичээх үзэлтэй болчихсон. Ичих нүүргүй болчихож. Санаа зовмоор. Бүр үндэстэн дамнаж, хулгай хийдэг болсон.

-Энэ төрлийн гэмт хэрэг огцом өсөх болсон шалтгаан нь юу юм бэ?

-Хоёр төрлийн шалтгаан бий. Нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой. Хоёрдугаарт, бусад төрлийн шалтгаан байна. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш зургаа, долоон сарын хугацаанд хулгайн гэмт хэрэг огцом өссөн. Өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд гэмт хэргийн үйлдэл бүрийг бүртгэлжүүлж, дугаар авдаг байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь өргөдөл, гомдол шалгах хугацаа 19 хоног байсан. Энэ хугацаандаа хулгайн гэмт хэргийн өргөдлийг авч, шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Бүрэлдэхүүнгүй байвал татгалздаг байсан. Харин одоо өргөдөл орж ирэхээр шууд Эрүүгийн бүртгэлтийн хэрэг үүсгэдэг болсон. Эдгээр нь бүгд тоон мэдээ болчихно. Үүнээс шалтгаалж, гэмт хэргийн статистик автоматаар өсч байгаа юм. 300 мянган төгрөгөөс доош эд зүйл хулгайлвал гэмт хэрэгт тооцохгүй. Зөрчил гаргасан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн дагуу 7-30 хоног баривчилна. Үүнийг халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд буруу ойлгоод байгаа. Бага хэмжээний хулгай хийвэл ял шийтгэлгүй юм байна гэдэг. Энэ нь буруу. Тодруулбал, нэг этгээд 5000 төгрөгийн бал хулгайлчихвал долоон хоног баривчлана. Дахиад хулгай хийвэл мөн долоон хоног баривчлана. Харин байнгын хулгай хийж, түүнийгээ орлогынхоо эх үүсвэр болгочихсон байж болно. Зөвхөн хулгай хийж амьдардаг нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуульд зааснаар 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ. Тэгэхээр бага хэмжээний хулгайг олон дахин хийвэл шууд 5-12 жилийн хорих ял авна. Хуулийг буруу ойлгосноос болж, хулгайн гэмт хэрэг үйлдэгч нарын үйл ажиллагаа идэвхжсэн. Иймээс хууль батлагдаж гарсны дараа, сурталчилгаа, танин мэдэх нь их чухал юм.

-Бусад шалтгааны улмаас гэдгийг тодруулахгүй юу?

-Нийгмийн суурь үзүүлэлтүүдтэй холбоотой. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, PC тоглоомын донтолт ч юм уу. Үүнээс гадна хулгайн гэмт хэргийг өөгшүүлж буй этгээдүүд бий. Энэ нь ченж, ломбард юм. Хулгайч хулгайлсан эд зүйлээ өөрөө ашиглана гэж огт байдаггүй. Заавал хэн нэгэнд зарж, мөнгө болгож амьдардаг. Нэг ёсондоо хулгайлсан эд зүйлийг худалдаж авч буй этгээдүүд гэмт хэргийг өөгшүүлж, дэлгэрүүлж, цэцэглүүлж байна гэсэн үг.

-Ченж, ломбардын ажилтнуудад ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Цагдаагийн байгууллага 14 хоногийн өмнө зах, худалдааны төвийн удирдлагуудтай гэрээ хийсэн. Өмнө нь цагдаа нар “Tэди” , “Монител”-ийн үүдэнд буй ченж нарыг очиж хөөдөг байсан. Энэ нь үр дүнгээ өгөхгүй байв. Иймээс удирдлагуудтай нь ярьдаг болсон. Тодруулбал, “Та нар үүдэнд байгаа хулгай хийж өөрсдийгөө болгодог хүмүүсийгээ хөө, шаардлага тавь. Шаардлагад нийцэхгүй бол шууд явуул” гэсэн. Ер нь тухайн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээдэг. Аливаа үйлчилгээг зөв арга замаар явуулж чадахгүй бол эхний ээлжинд хуулийн дагуу торгох ёстой. Ингээд ч зогсохгүй бол тус байгууллагын үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, Нийслэлийн засаг даргад хүсэлт явуулна. Хотын төвд байрлалтай байгууллагын үйл ажиллагааг нь зогсоож, дараагийн хүмүүст шилжүүлнэ гэсэн зорилготой юм. Ийм утгатай гэрээ байгуулсан. Үүнийг “Тэди, “Монител”, “Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд руу явуулж эхэлсэн.

-Хулгайн эд зүйлийг худалдаж авч байгаа иргэд, ченж нарт хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Заримдаа гудамжинд явж байхад хулгайн эд зүйл зарж байдаг. Иргэд тэрийг нь мэдсээр байж худалдаад авчихдаг. Иймээс хэн ч байсан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хулгайн хэрэг хийсэн хүн баригдахаар тийм хүнд зарсан гээд л тодорхой болдог. Иргэнийг хулгайн эд зүйл худалдаж авбал 1-6 сар баривчлах ял өгнө. Ченж нар тогтмол авдаг. Эдгээрт 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалтад орвол 5-12 жил хорих ялаар шийтгэнэ. Ийм хуулийн зохицуулалттай. Үүнийг сурталчилж байж ченж нарын үйлдлийг таслан зогсооно. Хулгайн эд зүйл авдаг ломбард байна. Тэдгээр хүмүүс тогтоогдвол, цагдаагийн байгууллагаас бичиг очно. Тухайн байгууллага түрээсийнхээ гэрээг цуцалж, дараагийн зөв үйл ажиллагаа явуулах хүмүүст шилжүүлэх үүрэг хүлээнэ.

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд яах ёстой юм бэ?

-Өмнө нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дөрөв дөрвөн жилийн хугацаатай баталж байсан. Тухайлбал, 1997, 2002 он юм. Тухайн үед хулгайн гэмт хэрэг 60 хувь хүртэл өсч байсан. Ингээд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж, нийтээрээ тэмцсний хүчинд 32 хувьтай болгож байсан. Тэгэхээр сүүлийн 15 жил огт хөтөлбөр баталсангүй. Одоо Үндэсний хөтөлбөрийг боловсруулах цаг нь болсон. Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч хулгайтай тэмцэхгүй биш, тэмцээд л байна. Дийлдэхээ болилоо. Иргэд янз бүрийн камер байрлуулах зэргээр арга хэмжээ авсаар л байгаа юм. Гэхдээ нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байна. Иймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд үндэсний хөтөлбөрийг баталж гаргах хэрэгтэй. Мөн иргэн хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Нийгмээрээ, нийтээрээ хүмүүс хулгайчийг жигшин зэвүүцэх ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг бузар, хулгайч гэмт хэрэгтэн гэж харах ёстой. Цэцэрлэгээс хүүхэд өөр хүүхдийн тоглоомыг авч ирэхээр эцэг эхчүүд нь огт загнадаггүй. Багаас нь эхэлж, тэмцэж, шаардлага тавьж, аливаад учиртай хандах хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн л бол хэргээ хүлээдэг болмоор юм. Иргэд их хэмжээний бэлэн мөнгийг болж өгвөл авч явахгүй байх нь зөв. Хүн бүрт шаардлага тавьж, дор бүрнээ хариуцлагатай, урьдчилан сэргийлж, хэвших хэрэгтэй байна.

Эх сурвалж. Өдрийн сонин