Найз охиноо хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн гэх Г.Алтанхүү нь одоогоор цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.

Тэрээр талийгаачийг байнга зодож, дарамталдаг байсан баримтууд нь ар араасаа гарч ирсэн байдаг.  Түүнчлэн Г.Алтанхүү нь анхны эхнэрээ ч мөн үргэлж зодож дарамталдаг байсан учир салсан хэмээн хэвлэлээр цацагдаад буй.

 

Гэвч энэ асуудлыг худлаа гэдгийг түүний анхны эхнэр TV-9 телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэд есөн жил хамт амьдарсан бөгөөд 10 настай хүүтэй аж. Тэрээр “Миний талаар надаас асуулгүй худал мэдээлэл олон сайт телевизүүдээр цацсан. Энэ нь миний эрхийг зөрчиж байгаагийн нэг хэлбэр. Алтанхүү намайг 9 жил хамт амьдрахдаа огт дарамталж байгаагүйг би хаана ч хэлнэ. Миний эргэн тойрны бүх хүмүүс хэлнэ. Эхнэртээ халамжтай хань байсан. Хүүдээ сайн аав, хариуцлагатай эцэг байсаар ирсэн. Бид энэ олон жил амьдрахдаа бусдын л жишгээр амьдралаа босгохын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж олон ч удаа жижиг бизнес эрхэлж байсан. Монголын маш олон гэр бүлүүдийн нэгэн адил амьдралаа авч явахын төлөө нэг нь гадагшаа явж хэсэг хугацаанд хол байснаас болж бид тус тусдаа амьдрах болсон. Энэ гүтгэн бичиж байгаа шиг далан дээрээ хутгалуулах нь бүү хэл зодуулж, дарамтлуулж, өвлийн хүйтэнд хөл нүцгэн зугтаж гарч байгаагүй” гэсэн байна.

 

Мөн тэрээр цаашид хүүдээ санаа зовж байгаагаа илэрхийлэн ярилцлага өгч байхдаа уйлж байв. Тэрчлэн хадмуудынхаа талаар тэрээр “сайн хүмүүс, мөнгөөр бусдыг хахуульдах хөрөнгөтэй хүмүүс биш ” хэмээжээ. Энэ мэт сэжигтэн Г.Алтанхүүг болон хадмуудаа өмөөрсөн бүсгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өөрийнхөө үзэл бодлыг хэлээд авав. Гэвч чухам ярилцлага өгөөд байгаа энэ бүсгүйн амыг таглах сүйхээ Алтанхүүгийн гэрийнхэнд байна гэсэн хардлага олны дунд гарчээ.

 

Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хэргийг шударгаар шийдэгдэхийг хүлээж байх зуур Г.Алтанхүүгийн талаас  ял завших боломжтой бүх л аргыг хэрэглэж байхыг үгүйсгэхгүй хэмээн түүний анхны эхнэрийн ярилцлаганаас харж болохоор байна. Мэдээж хэн нэгэн хүнийг заавал ялтан болгох гэсэнгүй.  Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй хэмээн олон хүмүүс хүсч байна.  

Б.Цацрал