​Баяр ёслол болгоноор өргөн хэрэглээний барааны үнэ тэн­гэрт хаддаг уламжлалтай болоод удаж байна. Манайхан ч үүн­дээ бараг дасал болчихож.

Удах­гүй цагаан сар болно. Хүн бол­гон л аль болох хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүн хайж хөлийнхөө улыг эргэтэл явж байх шиг байна. Ер нь ингэж зовж бай­хаар хамгийн үнэтэй гэсэн болго­ныг нь худалдаж аваад цагаан сарын­хаа баярыг тэмдэглэвэл ямар вэ. Төрийн өндөрлөгүүд “Өр­нөөс айх хэрэггүй” гэж мэдэгдээд янз бүрийн бонд гаргаад, өр тавихыг уриалаад байгаа байх аа. Энэ жишгийг дагаад цагаан сарын­хаа баярыг элбэг дэлбэг хий­чихэд болох биш үү.

Өндөр настангууд нь тэт­гэврийнхээ зээлийг хэдэн жилээр нь аваад хамгийн үнэтэй ууц, хэвийн боов, бэлгээр ган­гарч. Албан хаагчид нь цалин­гийн зээлээ бас л хэдэн жилээр авч золголтынхоо мөнгийг ахиухан бариад цагаан сарыг ниж­гэр тэмдэглэе л дээ. Наанадаж банкуудаа ийм аргаар дэм­жээд, наймаачдынхаа орлогыг өс­гөөд өгөх нэг арга байгаа биз. Ца­гаан сараар сайхан баярлаж бай­вал дараа нь яах нь хэнд хамаа­тай юм. Тэртэй тэргүй Монголын ард түмэн өөрсдөө мэдэхгүй болохоос өчнөөн тэрбум төг­рөгийн өр­тэй гээд улстөрчид яриад бай­даг байх аа. Тэгэхээр өөрөө ч мэдэл­гүй өрөнд орж байхаар мэдэж бай­гаад өрөнд орвол тийм ч гом­дол­той санагдахгүй байхсан.

Баяр болгоноор өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнэ өсөж гэж тархиа гашилгаж, үглэж байхаар өр тавиад асуудлаа шийдчихэж байя.

Ард иргэд нь төлж чадах­гүй байдалд орчихвол улстөр­чид маань ямар нэгэн арга чар­га сүвэгчлээд зээлийг нь тө-лөөд өгчихөж дөнгөх байлгүй дээ. Банкуудад хадгалуулж бай­гаа бондынхоо хүүгээр иргэдийнхээ өрийг төлөөд өгчихөд яах вэ дээ. Ингэж зохицож амьдрахгүй бол ард түмэн чинь туйлдах нь байна улстөрчид өө.  

Р.САРАНГОО