-“ҮНЭЭ БУУРУУЛ” ГЭТЭЛ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ТАНИЛЦУУЛЧИХАВ-

Үүрэн холбооны компаниуд ч өөр өөрсдийнхөөрөө ярианы төлбөр тооцоондоо өөрчлөлт оруулж эхэллээ.  “Мобиком”, “Юнител”, “Жи Мобайл”, “Скайтел” гэдэг дөрөвхөн үүрэн холбооны компанитай, энэ дөрвөн компаниар л үйлчлүүлдэг хэрэглэгчдийн хувьд дуртай бол секундээр төлбөрөө тооцож төл, дургүй бол боль гэсэн тулгалтыг хийж байна гэж ойлгохоор байна. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн шуудан харилцаа холбоо технологийн газраас үүрэн холбооны компаниудад энэ сарын 15-наас эхлэн ярианы төлбөрийг секундээр тооцох журмыг нэвтрүүлэхийг үүрэгдсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн холбооны компаниудад нэг секундын ярианы төлбөрийн доод хэмжээг 1.7 төгрөг байж болно гэсэн болохоос дээд хэмжээг тогтоож өгөөгүй гэнэ. Тиймээс үүрэн холбооны компаниуд боломжоороо үнэ тариф тогтоожээ. Тухайлбал, хамгийн өндөр үнийг “Мобиком” корпораци хэрэглэгчдэдээ санал болгож байгаа бөгөөд секундын төлбөрийг 2.2 төгрөгөөр тооцохоор шинэ багц үйлчилгээг санал болгож эхэллээ. Харин энэ үйлчилгээнд зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээнийхэн л хамрагдах боломжтой бөгөөд “Хэрэглэгч өөрөө хүсвэл” гэсэн өмнөтгөлтэй. Дараа төлбөртийнхний хувьд энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжгүй гэнэ. Мессежний үнэ сүлжээндээ 19 төгрөг, бусад сүлжээнд 36 төгрөг байгаа нь өмнөхөөс өөрчлөгдөөгүй гэсэн үг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрсдийн дугаараа “One” багцад шилжүүлж, секундээр төлбөрөө төлж болно, эсвэл 10 мянган төгрөгийн үнэтэй шинэ дугаар авч энэ багцад шилжиж болно гэж “Мобиком” корпорацийн үйлчилгээний ажилтан хэлсэн юм.  “Мобиком” корпорацийн гаргасан энэ шинэ үйлчилгээний санал болгож байгаагаар 50 секунд ярилаа гэж бодоход 110 төгрөг төлөх шаардлагатай болж байна. Хоёр минут /120 секунд/ ярьсан хэрэглэгч 264 төгрөгийн төлбөр төлөхөөр болж байгаа. Өмнө нь “моби”-гийн хэрэглэгч сүлжээндээ 70, бусад сүлжээнд 90 төгрөгөөр ярьдаг байсан. Хоёр минутын ярианы төлбөрөөс нийтдээ багаар бодоход 84, ихээр бодоход 124 төгрөгийн хохирол амсахаар байна. Энэ нь зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд хамаатай гэдгийг дээр хэлсэн. Дараа төлбөртийнхний хувьд урьдын адил төлбөрөө төлөөд явна, ямар ч ялгаа байхгүй.  Өөрөөр хэлбэл, ажил хэрэгч хүмүүст дэндүү хохиролтой болчихож байгаа юм. ШӨХТГ-аас тавьж байгаа гол шаардлага бол “Үүрэн холбооны нэг оператор компанийн хэрэглэгчдийн наанадаж  50 хувь нь нэг минутаас дотогш хугацаанд ярьдаг хэрнээ төлбөрөө бүрэн нэг минутаар тооцож төлж хохирч байгаа учраас секундын тарифт шилжүүлэхийг үүрэгдсэн” гэж байгаа. Харин “Мобиком” мэтийн компаниуд шаардлагыг ингэж л биелүүлж байна. “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан доод үнийг “бодож үзсэн” нь энэ.

“Мобиком” корпорациас бусад үүрэн холбооны компаниуд ч ШӨХТГ, ХХЗХ-ны тавьсан шаардлагын дагуу энэ сарын 15-наас секундын алхамд шилжжээ. Тухайлбал, “Юнител” групп  “Алхам” нэртэй шинэ үйлчилгээ гаргасан байна.  Эднийх секундын төлбөрийг “Моби”-гоос арай хямд буюу 1.82 /НӨАТ орсон үнэ хоёр төгрөг/ төгрөгөөр тогтоожээ. Нэг их хол зөрүү харагдахгүй байгаа юм.  “Жи Мобайл” компани ч мөн ялгаагүй. Секундын төлбөрөө хоёр төгрөгөөр тогтоосон байна.  Энэ нь бас л шинэ үйлчилгээ нэртэй. Энэ үйлчилгээнд хамрагдсан хүн л секундын алхмаар төлбөрөө тооцуулна гэсэн үг.  Бусад нь хуучнаараа төлбөрөө төлөөд л явна.  “Скайтел” компанийн хувьд бусад шигээ нэг секундээр бус гурван секундын төлбөрөө таван төгрөгөөр тогтсон нь бусдыгаа бодвол арай хямд ханш бололтой. Энэ нь ХХЗХ-ныхны гаргасан 1.7 төгрөгийн ханшид арай хүрэхгүй ч нөгөө гурвынхаасаа хямдад тооцогдож байна. Нөхцөл шаардлагын хувьд шинэ үйлчилгээг сонгох.

Тэгэхээр үүрэн холбооны ком­паниуд шатахуун импортлогчид шиг үгсэн хуйвалдаж, секундын алхамд шилж¬сэн нэр зүүж хэрэглэгчдэд шинэ нэртэй үйлчилгээгээр “сюрприз” барьж чадлаа. ШӨХТГ-аас “Үүрэн холбооны компаниудын энэ шинэ үйлчилгээ, секундын алхамд шилжсэн байдал, үнэ төлбөрийн талаар лавлаж, танай байгууллагуудаас тавьж байсан шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байна уу” гэж асуухад “Зөрчиж байна гэж хэлж чадахгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос секундын ярианы төлбөрийн доод хэмжээг 1.7 төгрөг байна гэж заагаад өгчихсөн болохоор яая гэх вэ” гэсэн хариултыг өгсөн юм.

 

Б.Оюунгэрэл