“Аавдаа очмоор болох юм аа”, "Бөхөөжий гэлгүй яахав", "Нууцхан чамдаа", "Аав ээж хоёр минь" зэрэг дуугаа олны хүртээл болгож, аль хэдийнээ өөрийн гэсэн сонсогчидтой болсон дуучин бол Ц.Мөнхсоёл.

Түүнийг хуульч мэргэжилтэй гэдгийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэрбээр МУИС-ийг хуульч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд хуульзүйн товчоонд 10 гаруй жил ажилласан туршлагатай хуульч эмэгтэй.

Дуучин болох багын хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д хожим элссэн бөгөөд ажиллахын хажуугаар суралцаж, уран бүтээлээ туурвидаг хөдөлмөрч нэгэн.

Тэрбээр яруу найрагч Баянмөнхтэй үерхэж байсан. Харин сайн найздаа нөхрөө алдсан гэж түүнийг сайн мэдэх найзууд нь ярилцдаг юм. Энэ тухай дуучин бүсгүй нэг ч удаа ам нээж тайлбар хийж байгаагүй.

Харин саяхан өгсөн ярилцлагадаа Ц.Мөнхсоёл "Би яруу найрагч Баянмөнхийг мэргэжлийн уран бүтээлчийнх нь хувьд үнэхээр чадалтай гэж хүндэлдэг байсан.Энэ хугацаанд надад нэг тийм өөрийгөө үнэлэх бүсгүй хүний бардам зантай. Мэдээж бидний хайр дурлал, сайхан бүхэн үргэлжилсэн боловч бүтэмжтэй байгаагүй. Урьд нь би энэ тухай ярьж, худал цуурхалд ганц удаа няцаалт өгөөгүй. Энхмэнд хар багын найз минь. Бид Увс аймгийн Хөгжимт драмын театрын дагалдан дууулаачаар Гансүх багшийн шавь байсан. Анх би Энхмэндийг Баянмөнхтэй танилцуулж өгч байлаа. Сүүлд бодох нь ээ, би хүмүүст буруу ойлголт өгсөн юм шиг санагддаг. Намайг дуугүй, чимээгүй байх тусам хүмүүс бурууг надад өгөөд явж. Яг юу ч гэмээр юм. Ямар ч байсан сайн найзынхаа хайртай залууг булаагаад аваад суучихдаг тохиолдол байдаг юм байна. Гэхдээ яг булаалгасан гэхээр хаашаа юм. Гэхдээ тийм л нэг юм болчихсон" юм хэмээжээ.

Сайн найздаа нөхрөө алдсан бүсгүй хар буруу санаж явдаггүй талаараа үг цухуйлгасан байна. Мөн "Одоо тэд сайхан гэр бүл болцгоосон. Гэхдээ яая гэх вэ. Үнэн юм үнэнээрээ л сайхан байдаг. УИХ-ын гишүүн агсан Наранцацралт гуайн сонгуулийн сурталчилгаанд долоо хоног намайг авч явья гээд Баянмөнх гуйсан ч би өөр ажилтай байсан учраас явж чадаагүй. Тэгээд надаас "Энхмэнд гэж ямар дуучин байна аа" гэж асуухаар нь "Өө, миний найз, миний найз шиг сайхан хүн байхгүй. Чи манай найзыг дэмжээд аваад яв. Би хуулийнхаа ажлыг амжуулах учир амжихгүй нь ээ" гээд тэд хамт явсан. Дундговь руу 14 хоног хамт яваад ирэхэд Баянаа бид хоёр клипний зургийн ажилтай байсан. "Анд" энтертайнментаар "Ээжийгээ санахуй" гээд сайхан дууны зурганд явсан юм. Гэтэл ирээд явах хугацаанд миний утсаар дамжуулж Энхмэндтэй ярьдаг болсон байсан. Энхмэнд миний утсаар Баянмөнхтэй ярьдаг байлаа. Тухайн үед би юу ч анзаараагүй. Тэгээд Эрдэнтунгалагийн төрсөн өдөр болж, бид очсон. Тэгсэн чинь Эрдэнэтунгалагийн төрсөн өдөр дээр Баянмөнх, Энхмэнд хоёр тэврэлдээд сууж байсан. Би ороод тухайн үед хар, цагаан дуугүй гарч байлаа. Би уурлаа ч үгүй, инээгээ ч үгүй. Яагаа ч үгүй, хундага тулгаад л гараад явсан. Тэр цаг мөчөөс хойш бол Энхмэнд над руу нэг тийм өөртөө итгэлгүй байдлаар хардаг болсон. Над руу “Энэ яах бол” гэсэн харцаар харж байдаг. Цаашаа эргээд миний улыг шагайж байгаа нь ч надад мэдэгддэг" гэж сэтгэлийн үгээ анх удаа хэвлэлд өгсөн ярицлагадаа ний нуугүй өгүүлжээ.

Дуучин бүсгүй өнгөрсөн онд Увс аймгийн гурван сум, Ховд аймгийн долоон суманд нийт 10 тоглолт хийгээд ирсэн. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 4-нд буюу хөх морин жилийн Шинийн тавны билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр товоо гаргажээ. Тус тоглолтод МУГЖ У.Далантай ах, СТА Н.Баасандорж, СТА Б.Болдбаатар, залуу үеийн төлөөлөл Э.Энх-Эрдэнэ, СТА морины Л.Нарантуяа гээд чадалтай уран бүтээлчид оролцох юм.

 

Д.Ана