Дөрвөн мөчөөрөө зэрэг зурж, усан дотор хүртэл уран бүтээлээ туурвидаг гоц авьяастан Л.Өнөрчимэг ард түмнээсээ тусламж хүслээ.

Тэрээр: "Надад туслаач хүмүүсээ! Надад отрын гэр ганц айлын газар л байхад амьд мэнд явж хүн шиг амьдармаар байх юм. Үнэнээ хэлэхэд ах эгч дүүс хамаатан садан минь өөрсдийнхөө нэрийг бодоод загнах юм. Үнэхээр хэцүүхэн байхад минь найз нөхөд танилууд минь мундаг хүн ингэж хэцүү амьдраад байхдаа яадаг юм гэж итгэхгүй юм. 
Муу хүү минь л миний энэ олон жилийн зүдэрсэн амьдралд надаас ч долоон дороор хүний нутагт зовж явна аа! Хүү минь зээлийн байрны хүүгээ төлж дийлэхгүй болсон. Их мөнгө улсдаа өгчөөд өртэй болж байна. Би ч гэсэн өр тарьж зээл авч үзээгүй л юмсан.

Тиймд бие минь муухан байгаа ч гэлээ эцсийн удаа зүтгээд хэдэн малтай болж ач хүүгээ бэрээ баярлуулж явахсан гэж бодож байна. 
Над шиг хүнд тэр эзэмших газар ёстой олдохгүй юм байна аа... Надад бол дахиад таних танихгүй айлаар 12 жил ядарч зүдэрсэн шигээ тэгж ихээр тэвчих тэнхэл байхгүй болсон шүү! 
Уг нь Төрийн соёрхолт & Гавьяат энэ хоёр шагналынхаа оронд хэлмэгдсэн байраа ч юм уу Оюуны их явсан ажлынхаа зардлыг л Төр Засгаасаа авмаар байх юм. Энэ нь ч бүтэхгүй биз дээ!?

Улсын хөрөнгийн бүртгэлд миний нэр дээр албан ёсны хашаа байшин, амины сууц, орон сууц, газар, машин, үнэт эдлэл зэрэг зүйлс огт байхгүй ээ! Монгол түмэн минь надад амьд явах хүсэл сэтгэл урам хайрлаач??? Өчүүхэн намайг тоосонд, энэ гуйлтыг минь уншсанд баярлалаа. 
Энэхүү постыг минь устгаж, фэсбүүкийг минь дахин битгий хаагаач! Дараа нь би хүн хуурч худлаа хэлсэн юм шиг болмооргүй байна" гэжээ.

Л.Өнөрчимэгийн фэйсбүүк хуудас: Luurev Unurchimeg