Хоёр жилийн өмнө эхнэрээ өмөөрөн “Минт” бааранд нэгэн бүсгүйг зодож гэмтээсэн хэмээн хэсэгтээ л хэл амны бай болсон Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү дахин хүн зодож гэмтээсэн сурагтай. Тодруулбал тэрбээр сар шинийн өмнө "Хүүхдийн 100"-гийн өмнөх талбайд хамт явсан хоёр залуугийн хамт нэг залууг зодож, биед нь гэмтэл учруулжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Улсын УЕПГ-аас хэргийг татан хянаж байгаа гэх мэдээлэл байна. 

Чухам яг юу болсон талаар сийрүүлбэл: Тус хэрэг 2018 оны 2-р сарын 09-10-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү машинтайгаа ирээд бууж ирэнгүүтээ хохирогчийг шууд барьж аваад зодсон байна. Тэр үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явж байсан залуу бас цохиж авсан аж. Харин ойр хавьд нь байсан хүмүүс очиж салгасан бөгөөд хохирогч залуу зодуулсны улмаас толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Тухайн үед тэрбээр цагдаад дуудлага өгснөөр цагдаа нар ирж Б.Амархүүг хамт явсан хүнтэй нь авч явсан гэх бөгөөд Б.Амархүү “Манай нам ялсан. Та нар намайг яаж ч чадахгүй" хэмээн томорсон гэнэ. 

Б.Амархүүгээс гадна бас МУГТ Н.Төгсцогт хоёрдугаар сарын 16-н буюу сар шинийн 1-нд нэгэн бааранд хүн зодож танхайрсан хэрэг гарсан гэнэ. Түүний хэрэгт мөн л эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn