Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Батгэрэл хотын гаалийг хоёр дахь жилдээ толгойлж байна. Энэ хугацаанд тэрбээр хамт олныг хагалган бутаргах, хардаж сэрдэх, хов тараах, тойрон хүрээлэгчдээ эрхлүүлэх ажилд илүү анхаарлаа.

Ямар сайндаа л гаалийн системийн хэмжээний цахим хурлаар хотын гаалийг хувийн компани болголоо, одоо эхнэрээрээ биш өөрөө ажлаа хий гэж түүнийг баалах вэ дээ.
Б.Батгэрэл зөвхөн хамт олонтойгоо таардаггүй төдийгүй ГЕГ-ын даргыгаа хүртэл шуурхай хурал дээрээ авилгачаар нь дуудаж ёстой нөгөө “Өөрийн хонио танихгүй байж бусдын хонийг зүслэж явна” гэдэг шиг юм болсон удаатай. Хурал дээр шууд томилсон даргаа ийнхүү элдэв үгээр гүтгэн дайрч доромжилсонд захирах, захирагдах ёсыг ягштал баримталдаг гаалийнхан ихэд эгдүүцсэн сурагтай. Тэрбээр даргын сэнтийд морилсныхоо дараагаас эхлэн ажилтнуудаа зандарч, хашгичин “Гаалийн улсын байцаагчид миний өрөөнд орж болохгүй”, “Миний сууж байгаа давхарт гарч болохгүй”, “Би зөвхөн дарга нартай л харьцана” гэдэг гэнэ.
Түүний тойрон хүрээлэгчид буюу эхнэр Оюуцэцэгийн найз болох гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нар Улаанбаатар хотын гаалийн газрын таалалдаа нийцсэн гаалийн хяналтын бүсэд гарч ажиллах замаар даргадаа эргээд ач санадаг тухай барин тавин яриа бий. Гэсэн ч үүнтэй бүгд хэдийнэ эвлэрчээ. Б.Батгэрэлийн хувийн болсон гэх Хотын гааль гэх компанид хуваарь гэж их чухал зүйл байдаг гэнэ. Энэ хуваарийг дарга өөрөө хийж, өөрөө батлах замаар сайжруулж байгаа юм байна. Сайжруулах ч гэж дээ, улам шунаж байгаа хэрэг. Учир нь Гашуунсухайтын гаалийн газарт ажиллаж байхдаа хууль бус үйлдэл олонтоо гаргаж зарим нэг хууль хүчнийхний тусламжтайгаар эл хэргүүд нь нам дарсан түүхийг нийт гаальчид ам дамжин ярьдаг юм байна лээ. Асуудлаа аятайхан зохицуулж, дандаа төрийн албаар явсан Б.Батгэрэл, Оюунцэцэг хоёр өнөөдөр Монголын хамгийн үнэтэй “Ривер гарден” хотхонд тансаг амьдардаг.

Хамгийн наад захын жишээ гэхэд л эхнэр нь шинэ жилээр монголчуудын сарын цалингаасаа хэд дахин давсан өндөр үнэтэй даашинз өмсч, үнийг нь гайхуулдаг гэнэ лээ. Гаалийн жирийн байцаагч нартайгаа уулзаж, жаргал зовлонг нь хуваалцдаггүй Б.Батгэрэл дарга өөрийгөө “Би намын даргын дүү”, “Миний хамгийн дотны найзууд дандаа томчууд байдаг” гэж сайрхан ярьж явдгийг нь өнөөх олны танил эрхмүүд нь дуулаагүй л байгаасай билээ. Хотын гаалийн даргын ажлыг оромдож, өөрийн хувийн гаалийн тээвэр зуучийн компаниа тэрбээр бөөцийлж сууна. Б.Батгэрэл сүүлийн үед ГЕГ, төрийн ордон, бөө, ламаар гүйж хамт ажилладаг зарим дарга нараа “Миний ажлыг авах гэлээ” хэмээн хардаж, хялалзаж байгаа сурагтай. Дээд тушаалын албан тушаалтан болох Б.Асралт даргыгаа нийт гаалийн хамт олныхоо өмнө элдвээр гүтгэн, гутаан доромжилсон ийм хүнийг гаалийн байгууллага түүхэндээ үзээгүй юм байна. Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь ч Б.Батгэрэлээсээ маш их айдаг гэж гаалийнхан ярих юм билээ. 
Тэрбээр албан тушаалаа авсан цагаас хойш Улаанбаатар хотын гаалийн дарга нар болон зарим мөрийтэй тоглоомд дуртай дарга нарыг урьж, дайлан мөрийтэй тоглоом тоглохоос өөр дорвитой ажил хийлгүй өдий хүрч байна гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албаны сахилга, ёс зүй ярьж байхад ГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Батгэрэл хаана, юу хийж явна вэ. Хотын гаалийн газрыг хэзээ төрийн байгууллагын хэмжээнд буцаан аваачих гэж байна аа. Эсхүл дараагийн сонгууль хүртэл намын даргын дүү, томчуудын дотнын гэж өөрийгөө өргөмжилсөн Б.Батгэрэлийн гэр бүлийн хувийн компаниар үлдэхээр тохироо хийсэн юм уу. Энэ хэвээрээ явбал Улаанбаатар хотын гааль “дампуурлаа” Б.Асралт дарга аа.

Үндэсний шуудан сонин