Мөнгөн усны хор хөнөөлийг дэлхий нийтээр мэдэрч хэрэглэхээс татгалзаж Олон улсад дагаж мөрдөх конвенциуд гаргасан байдаг. Түүний нэг болох Миниматогийн конвенцид Монгол Улс нэгдэн орж, мөнгөн усыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтанд оруулан, мөнгөн усыг уул уурхайд ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл хулгайгаар мөнгөн усыг уул уурхайд ашигласаар байна.  Эхнээсээ мөнгөн ус хэрэглэж байгаа этгээдүүд хуулийн хариуцлага хүлээж байна.

Говь-Алтай аймагт айлын хашаанд мөнгөн ус хэрэглэж байна гэсэн дуудлага мэргэжлийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу хяналт, шалгалт хийхэд мөнгөн ус хэрэглэж байгаа нь тогтоогдож уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Улмаар прокурор хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд мөнгөн ус хэрэглэсэн этгээдэд ял оноосон юм.

Тодруулбал гэртээ мөнгөн усаар алт угаасан иргэнд ял оноосон бөгөөд тэрбээр энэ тухайгаа хэрэг мөрдөгдөж байхад ийнхүү тайлбарласан байна.  Д.Б-гийн мөрдөн байцаалтад: “...Би худалдаж авсан мөнгө усаа аймагт гэртээ авч ирээд алтанд яваад авчирсан шороогоо 2 удаа угаасан юм... өмнө нь мөнгөн ус хэрэглэж байгаагүй болохоор хортой гэдгийг нь мэдэхгүй, мөнгө ус угаасан шороогоо ашиглан гэрийн цементэнд шал цутгах гэж байсан юм… дараа нь тэр шороогоо аймгийн зүүн тийш байдаг хогийн цэг дээр асгасан... мөнгөн ус зарсан хүмүүсийг мэдэхгүй алтан дээр уулзаад дахиж уулзаагүй, тэр хүмүүсийг гар утасны дугаараа өгчих гэсэн чинь өгөөгүй нэрээ ч хэлээгүй...”хэмээн мэдүүлсэн байдаг.

Энэ хэргийн талаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын байгаль хамгаалагч: “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт Байгаль орчин аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагаас 3 хүн ирж гар аргаа алт олборлож байгаа газрууд болон гар аргаар чулуу олборлоод түүнийг тээрэмдэн угааж байгаа цэгүүд дээр очиж хөрсөн дээр байгаа бүх металлуудыг шинжлэн үзсэн юм. Тэгэхэд Есөнбулаг сумын Харзат багийн 10-15 тоот хашаанд тээрэмдсэн чулуу угаасан газраас мөнгөн усны агууламж илэрсэн юм... Харзат баг 10-15 тоот хашаанд ямар нэгэн чулуу тээрэмдсэн зүйл байхгүй, Алтай сумаас чулуу авч ирээд түүнийг өөр газарт тээрэмдүүлж тээрэмнээс гарсан бага зэрэг алттай шороог тухайн хашаанд зөөвөрлөн авч ирээд мөнгөн усаар угааж салгаж авсан юм байна лээ... Байгаль орчин аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагаас ирсэн хүмүүсийн авч явсан багажаар шалгахад тэр багаж шууд л гаргаж ирсэн... мөнгөн ус биетээр болон үзэгдэх хэлбэрээр гарч ирээгүй бид нар мөнгөн ус хурааж аваагүй...”

Угтаа бол Монгол улсын нутаг дэвсгэрт алтыг мөнгөн усаар угаах нь битгий хэл мөнгөн усыг зарах, хэрэглэхийг хориглосон байгаа. Үүнийг орон нутгийн иргэд үл ойшоон мөнгөн ус хэрэглэсээр байгаа юм. Тиймээс иргдэд мөнгөн ус хэрэглэхгүй байх, худалдаалсан болон худалдан авч байгаа, хэрэглэж байгаа хүмүүсийн талаар хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж мэдээлэл өгч болзошгүй эрсдлээс бүх нийтийг хамаалах зайлгүй шаардлага гарсаар байна.

Мөнгөн ус буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар, мөн химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэж Химийн хорт болон аюултай бодисийн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болдог. Харин шинэ эрүүгийн хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “...таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5.400.000/ торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааж мөн хуулиар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

Тиймээс мөнгөн ус хэрэглэсэн этгээдийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Улмаар хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд энэ ялыг тэнсэн харгалзахаар болсон байгаа юм.

Тиймээс бусдын болон өөрийн эрүүл мэндийн төлөө мөнгөн ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа тохиолдол бүрийг хуулийн байгууллагад мэдэгдэж байх шаардлагатайг бүх нийтэд сэрэмжлүүлж байна.