Монголд иргэдийн тав тухыг хангасан, үйлчилгээний өргөн цар хүрээтэй, тухлаг орчинтой газрууд олноор нээгдэж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хүнийг өмссөн хувцас, байгаа байдал, мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаж харьцдаг ийм үйлчилгээний соёл ганцхан Монголд л байдаг болов уу.

Энэ байдал Монголын бүхий л түвшиний үйлчилгээний байгууллгуудад байдаг гэхэд буруудах зүйлгүй. Энэ байдлыг биеэрээ мэдэрсэн нэгэн үйлчлүүлэгч Монголдоо томоохонд тооцогдох "Red Rock Resort"-д үйлчлүүлэхийг хүссэн ч хаалган дээрээс нь буцсан тухайгаа ийнхүү сийрүүлжээ: 

"Баяртай, RedRock Resort, дахиж танайд хэзээ ч ирэхгүй!!!

Negative post бичихгүй байяа гэж их хичээвч үнэхээр бүдүүлэг, хэрэглэгчээ хэтэвчээр нь ялгасан, "элит", тансаг зэрэглэлийн болох гэж ядсан, зүгээр л юм үзээгүй, дээрэлхүү, хүмүүсийг ялган гадуурхсан үйлчилгээ мэдрэхээр үнэхээр дургүй хүрэх юм. Нөгөө Pretty Woman Rodeo Drive-ийн үнэтэй дэлгүүрт орж "меетэрлүүлж" хөөгддөг тэр мэдрэмжийг авсан хүн нөгөө газраа бодож дуугүй суухгүй л болов уу.

Бодь Групп Redrock Resort гээд ямар аятайхан газар Тэрэлжид барьсан билээ. Тэрэлж хол учир тэр болгон явахгүй юм, гэхдээ Тэрэлж явбал эднийхээр орж, гол нь хүүхдийн том талбайд нь хүүхдээ тоглуулдаг байсан юм, уг нь. Бас тэр овоолсон том цуйванг нь авч өгнө гээд хамаатны олон дүүгээ цуглуулаад явав. Гэтэл өнөөдөр яав? Паркинг дээр ирэнгуут бөөн бухимдсан эцэг эхчүүд машиндаа суугаад буцаж байна. Юу болов гэтэл Германы байгууллагын хаалттай арга хэмжээ болж байгаа учир хүн битгий оруул гэсэн гээд дотогш байтугай амралтын газраас нэлээд зайтай орших тоглоомын талбай руу ч оруулсангүй. Олон жил Германд байсан хүн Германуудыгаа мэдэлгүй дээ, тэгж хүн битгий оруулаарай гэж хэлэхгүй дээ гэж бодон менежертэй нь уулзахаар дотогш орлоо. Жирийн Монгол эцэг эхчүүдээ бүдүүлэг нь аргагүй тоглоомын талбай руу ч оруулахгүй байх заавар гаргасан хүн нь дотор ресепшн дээр зогсох менежер хүүхэн болж таарав. Менежер залуу буруу ярьсан байдгүй дээ гэж найдан, респшн дээр байгаа хүүхэнд нөхцөл байдлыг хэлтэл "тийм, бид тусгай арга хэмжээтэй тул захиалга өгөөгүй хүн оруулахгүй байгаа" гэнэ. Арга хэмжээ болж байгааг ойлгож байна, гэхдээ арай Германууд ээж хүүхдүүдийг тоглоомын талбайд битгий оруул гээгүй байлгүй дээ. Хаа хол хотоос 2 цаг түгжирч ирлээ, хүүхэд тоглуулчих талбайтай газар танайх л байх юм гэтэл " бид public-д зориулсан park биш, хувийн байгууламж учир орчин тойронд нь хүн явуулах эсэхээ өөрсдөө шийднэ.

Өнөөдөр ТУСГАЙ арга хэмжээтэй, гадаад зочидтой учир хүмүүст үйлчлэхгүй" гэлээ. ЖИРИЙН, тусгай биш Монголчуудын хамгийн очих дуртай Тэрэлжид амралт зугаалгын цогцолбор барьчихаад, тэрийгээ public park (бүр өөрөө ингэж англиар хэлсэн) биш, бид хаалттай хүрээнд үйлчилдэг гээд хэлээд сууж байж болмооргүй л санагдаж байна. Мэдээж хурим найр, аль нэг хаалттай арга хэмжээ байж болохыг ойлгож байна, гэтэл page ruu нь ороод хартал ямар ч тийм зар мэдээлэл алга, тэнд 20 хүрэхгүй хүнтэй Конрад Аденауер-ын Сангийн семинар болж байгаа гэнэ. КАС-ын Монгол ажилтанаас асуутал бид юу гэж хүн битгий оруул гэх вэ, Германуудад тийм зан байхгүй шүү дээ гэв. КАС 2 хоног хүмүүс байрлуулж, семинар хийж овоо мөнгө төлж л дээ. Тэгээд "гудамжнаас" алхаад орж ирсэн тэнүүлч, хүүхдүүдээ чирсэн халтар Монголчууд Тусгай гоё газар муухай харагдаж үүднээс нь хөөгдсөн юм байна. Ядаж ганц кофе ч гаргаад өгөх боломжгүй юмуу гэтэл "үгүй, боломжгүй" гэсэн газар даа. Монголчууд бид хэрэглэгчээ баян ядуу, гадаад дотоодоор нь ялгаж үйлчилдэг энэ адгийн зангаа хэзээ болих вэ? үйлчилгээний наад захын соёл, хэрэглэгчээ хүндэлж мэддэггүй иймэрхүү юм үзээгүй газруудаар үйлчлүүлэхгүй, орлого оруулахгүй байх хэрэгтэй. Үйлчлүүлэгч бид л орлого оруулж, тэнд биднийг үл тоож харьцаж байгаа хүмүүсийн цалингийн санг бүрдүүлж байгаа. Тэр гадаадын сангууд нь эсвэл өдөр болгон захиалга өгөад, хүүхдүүдээ чирсэн ядуу бидний тэдэнд оруулах орлого огт хэрэггүй болсон юмуу? Тийм бол баяртай, дахиж танайхаар хэзээ ч үйлчлүүлэхгүй" гэжээ.

Эх сурвалж: Enkhjargal Natsagdorj