Охин нь таныгаа архичин гэж боддоггүй, зүгээр л алдсан хүн гэж боддог...

МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн "Идэр" дээд сургуулийн оюутан Г.Гүндэгмаагийн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу ээжээ. Ээжээ, та залуудаа ямар сайхан бүсгүй байсан бэ? Хүсэл мөрөөдөл, зорилго зорилтоор дүүрэн, цог жавхлантай, өнгө үзэсгэлэнтэй яг л охин шигээ бүсгүй байсан уу? “Та яагаад архи уудаг болсон юм бэ?” гэж намайг асуухад та “Ааваас чинь болоод архи уудаг болсон” гэж хариулсан. Энэ үед таныгаа “Муу хүн юм даа” гэж бодсондоо охин нь хүлцэл өчье. Цурам хийлгүй олон шөнө дараалан наргиж, цэнгэж, ууж идэж явахдаа та “Би зовж байна” гэж уйлдаг байсан.

Ингэх бүрийд тань “очих газар олддог л бол яваад өгөх юмсан”гэж охин нь адгадаг байсандаа дахин дахин хүлцэл өчье. Шинийн нэгний өдөр бүр таныг согтуурхаж, хүмүүсээс архи нэхэн ууж, бусдад доромжлуулж, зэмлүүлэн явахад тань үнэн голоосоо үзэн яддаг байсандаа охин нь одоо харамсаад харамсаад барахгүй байна. Ижий минь ухаан мөхөс, сэтгэл дутуу хүүхэд насны минь бүх бодол үйлдлийг минь өршөөгөөрэй. Гэвч энэ бүхний эцэст охин ухаарсан ч таны бие дэндүү доройтжээ. Дээлийн энгэр хэдий задгай боловч товчоор тогтоогддог, дээвэр хэдий том боловч утсаар бэхлэгддэгийн адил ижий та минь л амь мэнд, эрүүл саруул, энх тунх суувал үр би чинь сэтгэл тэнүүн амьсгална шүү дээ.

Энэ жилийн нэгний өдөр та минь бас уулаа. Хүний хундагалж өгсөн архийг над руу ирмэн ирмэн уухад чинь өөдөөс тань инээсэн шалтгаан бол “Хүн бүр алддагийн адил миний ээж бас алдаж дээ” гэж хөөрхийлснийх юм шүү. Хүмүүс хүмүүс таныг минь согтуурхлаа гэж зэмлэн доромжилж байхад өмөөрч үг хэлсэн минь “Ийм байх нь л ижийд минь жаргал болж дээ”гэдгийг ойлгосондоо юм шүү. Архины халуундаа манаран гудамжаар орилж явахад тань сугадаж алхсан минь “Ижий минь наддаа ганц” гэдгийг нь ухаарсных юм шүү. Архины хорыг даалгүй бөөлжиж доройтоход чинь нурууг тань дарж суухдаа “Ижий минь үхчих вий” гэж чин сэтгэлээсээ айж суулаа үр чинь.

“Би та нарт хэрэггүй” гэж уух юм, “Би зовж байна” гэж уйлах юм. Ээжээ өглөө сэрэхэд цайгаа чанаад, өдөржин хамтдаа гангар гунгар ярилцаж, шүрээр хамтдаа урлал хийлцэж, таныхаа хийж өгсөн амттай хоолыг идээд, үдэш дотноор тэврэлдээд унтахад охинд нь үүнээс илүү аз жаргал энэ замбуутивд байхгүй юм шиг мэдрэгдэж билээ.

Та охиныгоо өөрийг тань санадаггүй, боддоггүй гэж төсөөлнө үү? Охинд нь бүртийх цөөн хэдэн үнэн гэвэл, шууд зүүдлээд сэрэхдээ таныгаа л хамгийн түрүүнд бодож шаналдаг, босоод гадагшаа харахад хүйтэн байвал таныгаа нүцгэн гараараа үнээний дэлэн шувтарч суугаа даа гэж санаж уйлдаг, бие тэнхээ тавгүйтэх үед “ээждээ л очиж сувилуулах юмсан” гэж хачин их мөрөөсөж суудаг. Хичээл ном амжилттай байхад “зөвхөн ээж минь л үүнийг мэдэж, намайг магтаасай” гэж хүсэх юм даа. Ээжээ охин нь таныгаа архичин гэж боддоггүй ээ. Зүгээр л алдсан хүн гэж боддог.