Төр, түмнээ хамгаалж явах ёстой цагдаа ашиг хонжоо хайж эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг аймгийн төвд хүргэж өгөхдөө хоёр  шуудайг нь хулгайлсан байна. Улмаар хулгайлснаа бусдад өгч 150 000 төгрөг авсан бөгөөд энэ хэргийг шүүх хэлэлцээд тухайн цагдааг гэм буруутай гэж үзэж, ял оноожээ.

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсэгт цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Г гэгч нь албан үүрэгтээ хайнга хандсан. 

Тодруулбал, Халхгол сумын Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу 2017 оны 09 сард байгаль хамгаалах чиглэлээр эргүүлийн хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар манай сумын 2-р баг буюу Буйр нуурын зүүн урд захад үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-ийн амралтын баазын агуулахад байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 84 шуудай буюу 2279.85 кг хадгалагдаж байсан. Тиймээс  дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 84 шуудайг хураан авч, гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийн эд мөрийн баримтыг  аймгийн төвд  хүргүүлэхээр болсон байгаа юм. Чухам энэ үед буюу төрийн цагдаа Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа 40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан байгаа юм. Улмаар  40кг буюу 2 шуудай ургамлын үндсийг завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлан дэмжлэг үзүүлэн, 2 шуудай ургамлын үндсийг өөрийн жолоодож явсан ...... УНҮ дугаартай “Норд бенз” маркийн машинд ачиж, тээвэрлэн аймгийн төвд хүргэсэн, мөн ургамлын үндсийг зарж борлуулсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлджээ.

Үйлдсэн хэргийнхээ талаар төрийн цагдаа асан Б.Г : “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хүн баривчлуулах гээд аймаг руу явах гээд унаа олдохгүй явж байтал 11-ний өдөр аймаг руу үндэс ачсан машин явахаар болсон талаар дарга надад хэлээд би уг машинд баривчлуулах хүний хамт суусан. Сумын төв дээр үндэс авах талаар Ө-тай яриад 21 дүгээр талбай дээр очоод Ө-ын найзын машинд үндсийг ачихаар болж Бага хүрээгийн завтав дээр Г-ын машинд 2 шуудай үндсийг авч шилжүүлсэн. Үүрээр 5 цагийн үед аймагт ирээд энэ талаар Х ахтай уулзаж, Х ах өөрийнхөө машинаар Г-ын машиныг тосч үндсийг авсан. Ингээд үндсийг Х ахаар заруулсан. Уг мөнгөнөөс Ө-д 600.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өөрөө авсан. Би уг үндэсний аюулгүй байдлыг хариуцаж явсан... ” гэж мэдүүлсэн байгаа юм.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан цагдаагаар ажиллаж байсан Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл цагдаа ял сонссон. Гэхдээ тэнсэн харгалзаад өнгөрч байна. Үүнээс уншигч та өөрийнхөө дүгнэлтийг хийнэ. Бид харин гэмт хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэлээ.