Бөх хүний гэргий гэдэг
Бусдаас содон байдаг юм гэнэ
Буурлаас өвөлсөн сургаальтай
Буудал суудал нь намбатай
Түвшин амгалан
Төгөлдөр сайхныг дотроосоо бүрдүүлсэн
Аав ижийд нь ачлалтай
Айл саахалттай нь мэндтэй
Анд нөхөдтэй нь элэгтэй
Алтан шар замын өргөлтэй
Ааль нь зөөлөн байдаг юм гэнэ

Бөх хүний гэргий
Бусдаас содон байдаг юм гэнэ
Унаж бүдрэх үед нь
Урмын сайхан үгтэй
Уралдаж нэг давхад нь
Уран цэцэн мялаалагатай
Уул шиг түшигтэй
Уужуу тайван сэтгэлтэй
Үйлс нь төгөлдөр
Өнгө үзэмж сайтай байдаг юм гэнэ

Бөх хүний гэргий
Бусдаас содон байдаг юм гэнэ
Будан манан шиг тавиланг нь чиглүүлж түшдэг ухаантай
Бүхий зүйлд нь буйртай зогсож чаддаг
Буурлаас өвөлсөн ёс жудагаар
Бурханлаг үрсээ өсгөн торниулж
Алс ирээдүй амжилт бүхнийх нь ард
Алгаа хавсраад залбирч суудаг
Цацалтай цагаан сүү шиг
Цайлган цагаан сэтгэлтэй байдаг гэнэ
Есөн эрдэнэ шиг
Ерөөлтэй сайхан хүмүүн байдаг гэнэ
Намба төгөлдөр
Насны сайхан хань нь байдаг гэнэ

Бөх хүн харин өөрөө
Уран сайхан мэхтэй
Уул шиг ноён нуруутай
Уужим сайхан сэтгэлтэй
Удамт сайхан үрстэй.
Ухаан төгс гэргийтэй байхад л болдог гэнэ