Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж байна.

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор нийслэл хотын Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, 120-н уулзвар, Сүхбаатарын талбайн баруун зүүн талын зэрэг замуудад ачаалал үүссэн нөхцөл байдалтай байна.

Харин Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замуудад хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг байгаа тул дээрх замуудыг сонгон зорчих боломжтой байгаа бөгөөд Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул иргэд та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсч байна.