АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрхи мэдээг сонсонгуут надад төрсөн бодол. 

Нэг: Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо 2017 онд тэмдэглэсэн. Дээрхи 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрхи хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавхи Улаанбаатарт бүрэн бий. 

 

Хоёр: Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өнгөрсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа. 

 

Гурав: Улаанбаатарын хувьд дээрхи дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг. 

 

Дөрөв: Монгол Улсын байршил нь уг дээд хэмжээний уулзалтын хувьд хамгийн тохиромжтойд тооцогдоно. Учир нь Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаархи 6 талт хэлэлцээрт оролцогч орон бүртэй найрсаг харилцаатай. ОХУ, БНХАУ нь манай улсын хөрш орнууд. БНАСАУ, БНСУ-тай хоёулантай нь дипломат, уламжлалтхарилцаатай цөөхөн орны нэг бол Монгол Улс юм. АНУ болон Япон Улстай стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлж ирсэн. Дээрхи улсуудын алинаас нь ч зочин төөлөлөгч хүлээн авах бүрэн боломж, чадавхи Улаанбаатарт бий. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ил Сон Улаанбаатарт 2 удаа айлчлан ирж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад 2005 онд төрийн айлчлал хийсэн. 

 

Тав: Монголын ард түмэн бол найрсаг, зочломтгой хүмүүс. Монголчууд бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн их түүхэнд төрт ёсны дэг жаяг, дипломат алба, морин өртөө, чөлөөт худалдаа, шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөө, уламжлалаараа тод мөр үлдээсэн ард түмэн юм. Одоогийн Монгол нь нээлттэй, энхтайванч, эрх чөлөөт улс. Монгол бол гаднаа дайсангүй, дотроо дайнгүй амгалан, аюулгүй орон. Олон Улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон чухал асуудлууд, түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал, яриа хэлэлцээнд Улаанбаатарын үүд хаалга байнга нээлттэй байж ирсэн. Цаашид ч нээлттэй байх болно. Тавтай морилно уу!

 

 

2018.04.25

 

Монголын Цахиагийн Элбэгдорж