Байгалийн баялагаа зөв зохистой ашиглах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нэгдсэн удирдлагатай болгох, хөгжлийн гарааны мөнгө босгох зорилгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийг байгуулсан билээ. Баялагийн сан (Норвегийн сан гэдэгтэй адил) бий болгон иргэдэд хувьцааны ноогдол ашиг хувиарлах гэх мэтчилэн олон "гоё зүйл" төлөвлөсөн байдаг. "Эрдэнэс Монгол" компаниудын удирдлагууд дэлхийн хэмжээнд хүрсэн цалин авах 15 мянган ам.доллар байснаа 6.000.000 төгрөг болтлоо буурсан.

Учир юу гэвээс үр ашиггүй ажиллаж байгааг нь төр засаг "үнэлэн" ийнхүү цалинг бууруулсан хэрэг юм. Тус компанийн мэдэлд өдгөө "Эрдэнэс" гэсэн овог зүүсэн "Багануур", "Таван толгой", "Шивээ-Овоо", "Оюутолгой", "Мон Атом", "Гашуунсухайт Авто зам", "Метан" зэрэг компаниуд багтдаг. Стратегийн бусад ордууд төслийн хэмжээнд цаасан дээр байна 2007 онд байгуулагдсан "Эрдэнэс Монгол" ХХК-иас үр ашиг шаардах болсон.

Ард түмэндээ ноогдол ашиг хувиарлах, төсөвт жил бүр гурван их наяд тушаана гэж амлаж гарсан "Эрдэнэс Монгол" компани өдгөө өрийн хүүдий болчихоод байна. Ад үзэгдээд байсан "Энержи Ресурс" компанийн авто замын татвараар өөрсдийнхөө цалин, амьжиргааг дээшлүүлж байна гэхэд болно. Төр засаг байгалийн баялагаас орж ирэх "цүл палхийсэн" мөнгөөр тесвийн цоорхой нөхөөд хөгжлийн гарааны мөнгө босгохгүй хэмээн уул уурхайн ашгийг харамлаж байгуулсан "Эрдэнэс Монгол" компанийн дагуул уурхайнууд дампуураад дууслаа.

Тухайлбал 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа "Багануур" "Шивээ-Овоо" компанийн нүүрсний уурхайн өр зээл гэхэд 110 тэрбум давсан, техникийн 80 хувь элэгдэлд орсон, нүүрсний чанар муудсан, олборлолт явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн, үр ашиггүй гэсэн жагсаалтанд орж хувьчлах аж ахуйн тоонд орсон, орд газрынхаа ашиглалтын талбайг дээрэмдүүлчихсэн, хөрс хуулалтаа хийх бололцоогүй сууж байна.

"Шивээ Овоо" компанийн тухайд нүүрснийхээ 2,2 тэрбум тонн таамаг нөөцөө бусдад алдчихсан. "Соц" нийгэмд хайгуул хийж нөөц тогтоосон өөрийн өмч буюу орд газраасаа нүүрс худалдан авах дээрээ тулсан. Өр ширийн тухайд дээрхийн адил тоймоо алдсан "Шивээ Овоо"-гийн нүүрсний уурхайд цөмрөлт үүсч олборлолт явуулах боломжгүй болжээ. Хавар зуны хөрс хуулалт өвлийн бэлтгэлийн 60 хувь байдаг атал нэг хүрз шороо ч зайлуулаагүй байх юм.

Хамгийн гол нь авто техникийн гэмтэл, өр ширнээс үүдэн хөрс хуулалтын ажлууд нь нам зогсчээ. Энэ хоёр уурхай дампуурлаа зарлах юм бол орон нутгийн иргэдийн хэцүүдэж Улаанбаатар хот хөлдөнө. Энэ хоёр нүүрсээ туузан дамжуургаар ачиж галт тэргээр дулааны цахилгаан станц руу зөөдөг компаниуд юм. Техникийн нөхцөл, элэгдлээс үүдсэн эвдрэл, осол аваар, хүний амь нас эрсдэх явдал ч олонтоо гарах болсон билээ.

Эдгээр уурхайнуудад тулгарсан бэрхшээл, асуудлыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт шийдвэрлэж байх учиртай. Өндөр цалин авдаг шигээ "Эрдэнэс Монгол" компаниа удирдсан бол эхнээсээ компаниуд нь дампуурах дээрээ тулахгүй байв Дээрх компаниудын удирдлага "Эрдэнэс Монгол" ХХК-ийнхан татаас авахдаа сайн, ажил хийдэггүй нөхдүүд юм. Уг нь Эрчим хүчний яамандаа харьяалагдаад болоод байлаа" гэх үг цухуйлгах болжээ.

Монгол Улсын Засгийн газар 80 орон тоотой, үүнээс 30 нөхөр захирал гэсэн өндөр цалин, хангамж бүхий албан тушаалтай "Эрдэнэс Монгол" ХХК-ийг өр үүсгэн тэжээх хэрэг байна уу? Метр квадрат нь 43,000 төгрөгийн үнэтэй тансаг өрөөнд тухласан "Эрдэнэс Монгол" компанийнхан мөнгө цуглуулж Монголчуудаа тэжээхийн оронд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл менежментээ сайжруулах нэрээр авсан байх юм. Баахан цаас үйлдвэрлээд өөр гавьтай зүйл хийсэнгүй.

Нэн түрүүнд Багануур, Шивээ Овоон уурхайнуудынхаа тусгай зөвшөөрлийг эргүүлэн авах, өвөлжилтын бэлтгэлийн ажлыг "Эрдэнэс Монгол" хангуулах шаардлагатай байна. 30-40 жил талхилуулсан уурхайнуудын тоног төхөөрөмжийгсайжруулах, зээл авахуулах зэрэгт туслах ёстойгоос гадна ашиглалтын нөөц бүхий талбайгаа алдсан зэрэг зарга заальхайд "Эрдэнэс-Монгол" ХХК-иас очиж баймаар байгаа юм шүү.

Үр ашиггүй, алдагдал ихтэй "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн удирдлага элгээрээ хэвтчихсэн энэ хоёр компаниа өндийлгөж чадахгүй бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нь буцаагаад өгчих хэрэгтэй. Даахгүй нохой булуу хураана гэгчээр ажиллаж байгаа, ирээдүйд ашиглагдах уурхайнуудад өр үүсгэгч "Эрдэнэс-Монгол" ХХК-ийг тэжээгээд байх уу?