“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн ажилчид хамаг мөнгөө шавхаж байранд орохоор болсон байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн өмчит компаниуд анх 2012 онд өөрсдийн мэдлийн газар дээр 594 айлын орон сууцны барилга барих тендер зарлахад, гүйцэтгэгчээр “Баярс констракшн” ХХК шалгарсан байдаг. Уг барилгыг барих нийт өртгийг 21 тэрбум төгрөгөөр тооцож, захиалагч төрийн өмчит компаниудын зүгээс ажилчдынхаа ажилласан жилээр урамжуулал тооцох замаар урьдчилгаа төлбөрийг нь гаргуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч талтай зах зээлийн хамгийн хямд ханшаар буюу 1 м.кв-ийг нь ажилчдын ажилласан жилээс хамаарч 900,000- 1 сая төгрөгийн ханшаар тооцож ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ.

Байранд орох нэг айл 30-45 сая төгрөг урьдчилгаа болгон өгсөн байдаг. Ингэхдээ хашаа байшингаа зарахыг нь зарж, өр зээл тавьсан байна. Ингээд “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК ийн ажилчдын 300 айлын орон сууцны барилгын ажил 2012 онд эхэлсэн. 2013.05.03 нд байгуулсан 15 тоот гэрээний дагуу орон сууцыг 2014.07.30-нд хүлээлгэн өгөх байсан боловч одоог хүртэл ашиглалтанд оруулаагүй байгаа юм.

Үүнээс болж нь олон зуун айл өрхөд санхүүгийн болон сэтгэл санааны гүн хохирол учруулаад байна. Байр товлосон хугацаандаа ашиглалтанд ороогүй 4 жил хойшилсон нь айл өрхийг амьдрах чадамжгүй, тэдний үр хүүхдийг сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хааж олон сая төгрөгийн өр төлбөрт унагаж байгаа гэх мэт олон сөрөг үр дагаварыг бий болгоод байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн ажилчид ярьж байна.

Тиймээс байрандаа орж чадахгүй олон жил болж байгаа иргэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хандсан ч одоо болтол хариу өгөөгүй байна.

 Улмаар  2018 оны 4 дүгээр сарын 28-ны бямба гарагийн 13:00 цагаас “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК ийн 300 ажиллагсад гэр бүл, хүүхдийн хамт барилгын гадна талбайд тайван жагсаал хийжээ. Тэд жагсаалын үеэр  Баярс Констракшн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан дараах хоёр шаардлагыг хүргүүлсэн байна. Тодруулбал,

  1. A болон Б блокийг 5 сарын 28 гэхэд ашиглалтанд оруулж түлхүүр гардуулан өгөх
  2. Орон сууцны гэрчилгээг 7 сарын 1 гэхэд гардуулан өгөх

Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй, биелүүлэхгүй бол эсэргүүцлийн дараа дараагийн арга хэмжээг авахаа мэдэгдээд байгаа юм.

Бид энэ талаар  “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “Баярс Констракшн”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нараас энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа