АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп одоо 48 нас хүрч байгаа билээ. Анх загвар өмсөгчийн үүргээр олон танигдсан тэрбээр АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай болно гэж хэн төсөөлөөгүй байх.

Мелания Кнаусс нь 1970 онд Югославт төрсөн бөгөөд Любляны их сургуулийг архитектурын мэргэжлээр төгссөн байна. Тэрээр 16 настайгаасаа л загвар өмсөгч болсон учир мэргэжлээрээ төдийлөн ажиллаж байгаагүй юм. Загварын ертөнцөд тэрээр нэлээд амжилт гаргасан. Тиймдээ ч “Vogue”, “Harper’s Bazaar” болон “Vanity Fair” хэмээх томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимж байжээ.

Тэрбээр Дональд Трамптай 2005 онд гэрлэсэн бөгөөд хосуудын хуриман дээр Хилари Клинтон хүртэл хүрэлцэн ирж байжээ. Жилийн дараа тэд Бэррон хэмээх хөөрхөн хүүтэй болсон нь Меланиягийн хувьд анхны, харин Трампын 5 дахь хүүхэд нь байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Меланиягийн нүцгэн зургууд гарч байсан ч энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй юм.