Морал ба Сүргийн Манлай

Эртний Хятадын философич Сүн Цү “Art of War” буюу Дайтах Урлаг номондоо “Дайны үр дүн ихэнх тохиолдолд зэвсэг барьж цус асгаруулахаас өмнө шийдэгдсэн байдаг” гэж бичжээ. Яаж вэ гэхээр эсрэг талынхаа моралыг устгах шаардлагатай (Demoralization).

Яаж моралыг устгах вэ гэхээр нийтээрээ сайн, сайхан, зөв болон үнэн гэж нандигнадаг бүхнийг нь үгүйсгэх, устгах, хооронд нь хутгахад хангалттай. Зөв ба буруу, сайн ба муу, үнэн ба худалаа ялгахаа байсан газар жанжин нь жанжин биш, цэрэг нь цэрэг биш болж хувирах учраас тэр. Жанжин нь цэргүүдийнхээ дайсан. Цэргүүд нь жанжиныхаа дайсан. Цаашлаад аав хүү, ээж охин, ахан дүүс, найз нөхөд, хөршүүд гээд бүгд, бүх нийгмээрээ нэг нэгэндээ хонь чонь мэт дайсан. Дотоодын зөрчил хэзээ ч дуусахгүй.

Сүн Цү цааш онолдохдоо “Армийн хувьд бол жанжин нь моралын баталгаа байх ёстой”. Жанжины морал сулрахад арми дайндаа хагас ялагдсанаас өөрцгүй гэжээ.

Өөрөө хулчгар, зориггүй, дайнд манлайлан оройлох чадваргүй жанжиныг ямар цэрэг дагах вэ? Яаж тийм удирдагчид амиа даатгаж зүрхлэх вэ? Амь амиа бодоорой гэсэн хууль үйлчилж эхлэх учир яаж нэгдэх вэ дээ. Моралгүй жанжин ялагдал бүрээ цэргүүддээ тохно. Өчүүхэн ялалт бүрээ өөрийн л гэж сагсуурна. Ийм жанжин айлгах, сүрдүүлэх, шахаанд оруулах, хуйвалдах зэрэг атгаг зүйлээ л чадварлаг хийнэ.

Тиймээс дайн гэдэг бол юу юуны духанд хүрэлгүй сэлэм эргүүлж, буу шидэм барьж гүйхээс илүү өөртэйгөө үзэлцэхээс эхэлдэг. Өөрийгөө яг ямар байдалтай байгаа вэ, нүцгэн үнэнээр нь харахаас л эхэлдэг. Өөрийгөө мэдэж чадсан бол дайндаа хагас ялалт байгуулсанаас өөрцгүй гэж Сүн Цү бичжээ.

 

Бид өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?

Өнөөдөр Монгол улсад моралын гамшиг нүүрлэж, мухардалд орсон нь нэгэнт тодорхой болжээ. Биднийг манлайлах байр сууринд байгаа хүмүүс хүн удирдах ямар ч мэдлэггүй, чадваргүй, моралгүй нь ч тодорхой байна. Энэ хооронд Монгол ахан дүүс нэгнээ алж, нэгнээсээ хулгайлж амьдралаа барж дууслаа. Монгол хүн ийм байдалтай байх нь хэнд ашигтай болоод тэр вэ? Энэ бүх бодит байдлыг бид мэдэж байгаа боловч яагаад юу ч өөрчлөгдөхгүй байна вэ?

Үнэн (Truth), зөв (Right), сайн (Good), сайхан (Aesthetic) зэрэг бидний нийтийн, хамтын, дундын нандин (Value) зүйлс хогийн саванд хаягдахад бидний толгой доторх бүх зүйл эрэмбээ (Order) алдаж, каос (Chaos) л болж хувирч байна. Ийм нөхцөлд мэдлэггүй нь мэдлэгэтэй болж харагдана. Худалч нь үнэнч болж харагдана. Муу нь сайн болж харагдана. Бялдууч хүн шударга болж харагдана. Шударга ёс ярьсан хүн хэнхэг, өрөвдөлтэй болж харагдана. Муухай нь сайхан мэт андуурагдана. Улс орон, нийгэм, айл өрх бүрийн өнцөг булан бүрт ийм үзэгдэл хэвийн болж төлөвшинө. Энд гарт баригдаж, тэмтрэгдэх зүйлс биш бидний оюуны хамтын өмчийн тухай ярьж байгааг андуурч болохгүй. 

Ийм каост орсон нөхцөл байдлыг оюуны философийн мэргэжлийн хэллэгээр“Mindfucked” эсвэл Bullshit”гэж нэрлэдэг.

Английн философич Колин Макгин “Mindfucking: A Critique of Mental Manipulation” номондоо, худал хуурмаг, муу муухай хэрхэн хүний оюуныг самарч, амьдралыг там болгодог талаар бичсэн байдаг. Mindfucked буюу оюуны хүчирхийлэлд өртсөн, өртсөнөө мэдэхгүй ард түмэн буруу зөв өө ялгахаа байдаг, сайн мууг ялгах мэдлэггүй, муухайг сайхантай андуурдаг, гөлөг мэт хулчгар байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хүн төрөлхтөний мэдлэгийн суурь онолуудтай огтхон ч хамааралгүй (үл ойшоон) орчуулагдсан ёс зүй (ethic), ёс суртахуун (морал), эрх (Right=зөв), үнэ цэнэ (value=нандин) зэрэг үгс Монгол хүний оюуныг хүчирхийлэх гол хэрэгсэл болж ашиглагджээ. Тэдгээр хүчирхийлэгчид өнөөг хүртэл бат оршсоор байгааг ойлгох цаг болсон.

Хэрэв моралгүй жанжин өөрийн армийг өөрийн гараар устгах боломжтой бол“mindfucked” сэхээтнүүд бүхэл үндэстнээ, улс орноо, ирээдүйгээ оюуны хүчирхийлэлд автуулж, каос үүсгэж чадна. 

Морал гэдэг бол аливаа зүйлийг хэрхэн сайн “хийх” вэ гэдэг тухай онол. Морал устахад хүний үйлдэл алдаатай, буруу болж, сүүлдээ амьтнаас ч долоон дор болдог. Аливаа техник хэрэгсэл түлш, энергигүйээр хөдлөх боломжгүйтэй адил морал нь хүнийг хүн байх, үнэн, зөв, сайн бодож үйлдэл хийхэд шаардлагатай түлш, энерги шүү дээ. Дайны үед эрчим хүчний эх үүсвэрийг юу юунаас түрүүлж устгах яагаад чухал вэ гэдэг нь ойлгомжтой.

 

Моралтай Монгол Сан