2012 оноос өнөөг хүртэл Баянгол дүүрэгт том, жижиг нийлсэн нийт 14 эмнэлэг баригдсан байна.
Анх 2013 онд 35 ортой Эмүжин хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байсан бол 2015 онд хуучин Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн бүрэн засварт оруулж 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгээ нээн ажиллуулж байсан удаатай. Энэ нь нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа нээгдсэн томоохон хүүхдийн эмнэлэг болсон юм.

Улмаар 2017 онд 60 ортой “Ахмад настны эмнэлэг”-ээ ашиглалтад оруулж ахмадын эмнэлэгтэй анхны дүүрэг болоод байгаа билээ.
Харин өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийлээ. Орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд 4 эмч, 12 сувилагч ажиллаж дүүргийнхээ хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх юм.
Мөн тус эмнэлэг сүүлийн жилүүдэд манай улсын нярай хүүхдүүдэд ихээр илрэх болсон шарлалтын биллиметрийн аппаратыг шинээр нэвтрүүлж байна. Герман улсад үйлдвэрлэгдсэн тус аппаратад нярай хүүхдийг хамруулж, шарлалтын хэмжээг тогтоон эмчлэх боломжтой болж байгаа юм байна.
Эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, , Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, засаг даргын орлогч Г.Нарангэрэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцов. Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа: 2013 оноос өмнө манай дүүрэг хүүхдийн эмнэлэггүй хүүхдүүд маань Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. С.Эрдэнэ гишүүн бид хоёр эхний ээлжид дүүргийнхээ эмнэлгийн асуудлыг л бүрэн шийдье гэж ярилцсан. Үүний үр дүнд бид олон сайхан эмнэлгүүдээ ашиглалтад орууллаа. Хүүхдэд ээлтэй, эрүүл дүүрэг болох зорилтынхоо хүрээнд хүүхдийн шинэ эмнэлгээ нээж байна. Энэ эмнэлгийг барих газар, зураг төсөл, хөрөнгө санхүү гээд бүхий л зүйлийн төлөө бид цаг наргүй зүтгэн, сэтгэл гарган ажилласны үр дүн өнөөдөр гарч байна. Хүүхэд бүр эрүүл, энх байхыг хүсэн ерөөе.гэв
2017 оны жилийн эцсийн байдлаар Баянгол дүүрэгт 0-16 насны 80440 гаруй хүүхэд бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10,000 хүн тутамд эмнэлгийн 2-4 ор ногдвол стандарт гэж тогтоосон бөгөөд ийнхүү тус шаардлагыг хангах боломжтой анхны дүүрэг боллоо.