Оросын сэтгүүлч А.Бабченког хөнөөсөн гэх мэдээлэл Украины Аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа байсан хэмээн мэдэгдлээ.

Энэ сарын 29-ны өдөр Оросын сэтгүүлч А.Бабченко Украины нийслэл Киев дэх гэртээ алагдсан гэх мэдээлэл Орос, Украины хэвлэлээр тархсан.

Тэгвэл энэ сарын 30-ын өдөр Украины АБА-аас хийсэн хэвлэлийн бага хуралд А.Бабченко өөрийн биеэр хүрэлцэн ирэв. Сэтгүүлч А.Бабченко алагдсан гэх мэдээлэл худал бөгөөд хэрэг явдал Украины АБА-ны  тусгай ажиллагаа байсныг тус байгууллагын дарга В.Грицак мэдэгдэв. Тэрбээр “Украины АБА Оросын сэтгүүлч А.Бабченког хөнөөхөөр зэхэж байна гэх мэдээлэл авсан. Хэргийн гүйцэтгэгч, захиалагчийг илрүүлж А.Бабченкогийн амийг аврахын тулд хоёр сарын хугацаанд энэхүү тусгай ажиллагааг бэлдсэн. Гүйцэтгэгчийг баривчилсан, энэ хэрэгт тэр гэрчээр татагдана” хэмээв.

А.Бабченког хороох захиалгыг ОХУ-ын Тусгай алба өгсөн бөгөөд гүйцэтгэгчид 40 мянган ам.доллар амласан байж болзошгүй хэмээн Украины тал, болон сэтгүүлч А.Бабченко үзэж байна.

“Нэг сарын өмнө Украины АБА-аас хүмүүс ирээд намайг алах захиалга товлогдсон талаар хэлсэн. Тэдэнд байсан баримтыг хараад би Оросын захиалга байна гэдгийг ойлгосон. Учир нь өөр хаана ч байхгүй зөвхөн миний орос паспорт дээр байдаг зураг тэр баримт дотор байсан” хэмээн А.Бабченко хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Харин Оросын тал энэ мэдээллийг эрс няцааж, Украины ээлжит явуулга хэмээн үзэж байна.

“Дэлхий нийтийг төөрөгдүүлж, Оросын нэр хүндийг унагах, Оросын эсрэг үзэл санааг сурталчлах оролдлого байлаа.  Улс төрийн бодлогод итгэл үзүүлэх олон улсын хамтрагчдаа алдахгүй байх нь тэдний хувьд Оросын эсрэг үзэл санааг дэлгэрүүлэхээс чухал. Олон улсын байгууллагууд, түншлэгчид маань энэ хэрэгт зохих ёсны дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдээллээ.

Дашрамд дурдахад Оросын сэтгүүлч А.Бабченко нь Украины улс төрийн бодлого, зэвсэгт хүчинг дэмждэг нэгэн бөгөөд Оросын талаас дарамт шахалт ирснээс үүдэн 2017 онд ОХУ-ыг орхин явсан юм. Одоо тэрбээр Киевд амьдарч буй бөгөөд Крым-Татарын ATR сувагт “Prime: Бабченко” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг. 

 

Л.Нандиа

Эх сурвалж: Монцамэ агентлаг