УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Мурат: "Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт ч байхгүй, хэлмэгдэж байна. Та бүхэн зөвөөр асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй.Тэгээд ч 2,3 хоногийн өмнө хохирогч гэх Бахытгүл гомдолгүй гэж өргөдлөө татаж авчихсан байхад ийм асуудлыг оруулж ирж байгаад гайхаж байна "гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: "УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хүндхэн болж дууссан. Хэлэлцэхэд хүнд байсан. Н.Оюундарь гишүүн ийм асуудлыг нээлттэй болгох санал гаргасанд гайхаж байна. Гишүүдийн хувийн амьдралтай холбоотой асуудал цаана нь байгаа шүү дээ.. Адилхан мөр зэрэгцэж сууж байсан хүмүүс хэлэлцэхэд хүнд байна" хэмээгээд хурлыг хаалттай болгох санал гаргаж, дэмжигдсэн юм.

Үүний дараа нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж Хууль зүйн байнгын хороо үзлээ. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ.

 

М.Чойжал