-Тэрбээр хүүгийнхээ нэр дээр байдаг "Аглуут" ХХК-д 379 сая төгрөгийн тендер хууль зөрчин авч өгчээ -

 

    Спорт, соёл аялал жуулчлалын яамныхан бужигнаж байна. Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилын өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллээс үүдэн тус яамныхан хөдөлгөөнд орж, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь тун ч бухимдангүй суугаа сурагтай. Учир нь Н.Оргил үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөх болсон тухайгаа мэдэгдэх үеэрээ Төрийн нарийн бичгийн даргынхаа хууль бус үйлдлийн зах зухаас дэлгэж, албан тушаалаа ашиглан нэлээд хэдэн тендерийг өөрийн хүүгийн компани болон танил талдаа өгсөн гэх баримтыг дэлгэж орхисонд байгаа юм. Түүний өгүүлснээр П.Алтангэрэл энэ суудалд сууснаасаа хойш хэд хэдэн тендерийг танил талдаа өгсөн бөгөөд тухайлбал, хүү П.Тулгынхаа нэр байдаг "Аглуут" компанид л гэхэд 367 сая төгрөгийн тендерийг өгч орхижээ. Ингэхдээ сум бүрт кино театр барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажлыг бүхэлд нь өөрийн хүүдээ өгөхөөр улайрч, тендерт шалгаруулж орхисон байгаа юм.
 

   Үүнийг нь ч тус яамныхан мэдэж, Н.Оргил Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гэдэг утгаараа түүний энэхүү хууль бус үйлдлийг бүх нийтийн хурал дээр дэлгэчихсэн юм байна. Гэтэл үүнээс үүдэн П.Алтангэрэл Н.Оргилд дургүйцэж эхэлсэн бөгөөд энэ тухай тэрбээр "Төрийн албыг төрлийн болгох гэсэн үйлдэл бүрийг нь эсэргүүцэж байсан учраас намайг гүтгэн шахаж байна" хэмээн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

 

    Уг нь төрийн алба гэдэг танил талаа харж эрх мэдлээрээ далайлган хийдэг ажил биш л дээ. Төрийн ажил гэдэг утгаараа бүх зүйл тодорхой хуулийн дагуу зохих шат дараалалтай байх учиртай. Үүнийг ч дорнодчуудын итгэлийг өвөрлөн дөрвөн жил парламентад сууж байсан П.Алтангэрэл хамгийн сайн мэдэх учиртай. Гэвч түүний энэ ёс зүй Төрийн нарийн бичгийн дарга гэсэн нэрэн дор үгүй болчихсон бололтой. Нэг үе өөрөө толгойлж байгаад хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн "Аглуут" ХХК-д их хэмжээний үнийн дүнгээр ярих тендерийг хууль зөрчин аваад өгчихсөн гэхээр яах аргагүй энэ эрхэм буруу замаар будаа тээгээд эхэлчихсэн нь харагдаж байна. Гэтэл түүний хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй гэнэ. Төрийн албыг хувийн компани гэж андуурсан уу, эсвэл АН засаг барьж байгаа учраас намайг яаж ч чадахгүй гэж бодсон уу, ажилдаа хэт хувийн сонирхлоор хандаж байсан нь тодорхой болж. Энэ нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны тавдугаар сарын 8-ны өдөр Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн нэр дээр ирүүлсэн албан бичгээс харагдаж байгаа юм. Дээрх албан бичигт "ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь өөрийн танил талаа харан Дорнод аймагт өөрийнх нь удирдлагад ажиллаж байсан хүмүүсээ эрх мэдлээ ашиглан албан тушаалд тавьсан нь тодорхой болсныг дурайтал бичжээ.

 

   Ингэхдээ "Дээрх гомдлын дагуу шалгалт хийхэд Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь 1986-2008 онд Дорнод аймагт ажиллаж байсан бөгөөд гомдолд дурдагдсан Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Р.Хаяндорж, нягтлан бодогч Р.Алтантуяа нар нь тус аймгийн төрийн байгууллагад ажиллаж байсан. Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Алтан-Од, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Н.Оюундэлгэр нар нь Дорнод аймгийн харьяат бөгөөд хөрөнгө мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст хамтран ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дүгээрт заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэнийг тогтоов" хэмээн бичжээ. Түүнчлэн энэ албан бичигт ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байхад анхаарч удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайдад сануулсан байгаа юм. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл энэ тухай нууж, юу ч болоогүй мэт ажлаа хийсээр байгаа нь манай төрийн алба ямар хүмүүсийн халаасанд орчихсон юм бэ гэж асуухад хүргэж байна. Ер нь манай яам, тамгын газар, төрийн ажил гэдэг өрөвдмөөр дүр зурагтай болчихсон гэдгийг Н.Оргил шууд хэлсэн байна билээ.

 

   Тодруулбал, тэрбээр төрийн алба гэж инээдтэй бөгөөд өгөршчихсөн газар байдаг юм байна. Танил талдаа давуу байдал олгох, хөрөнгө мөнгө зувчуулахад гаршсан хүмүүсээр дүүрчихсэн гэдгийг хэлж, олон хүний цаашид анхаарах асуудлыг бага ч атугай чиглүүлээд өгөх шиг боллоо. Мөн олон нийтэд ард түмний татварын мөнгөөр тэжээлгэж байдаг манай төрийн алба, энэ албыг залгуулж буй алба хаагчид ямар хүмүүс вэ гэдгийг бага ч атугай ойлгуулж, УИХ-ын сонгууль дөхөхөөр "Би мундаг, шударга" гэж цээжээ дэлддэг эрхмүүд албан тушаалын амтыг авахаараа ямар өчүүхэн болдгийг илчилжээ. Энд бас нэг таагүй мэдээ сийрүүлэхэд Н.Оргилын ярианаас манай төрийн албаныхан ховын үгээр ажлаа хөөцөлддөг болчихсон нь анзаарагдаж байлаа. Зөвхөн ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын П.Алтангэрэлийн тухайд гэхэд тэрбээр энэ тал дээр муугүй бөгөөд тендерийн үнэлгээ хийдэг мэргэжилтэн П.Алтан-Одын хамт өөрсдийнх нь болохгүй бүтэхгүйг хэлсэн ажилтнуудаа өөлж гоочилж бүр ажлаас шахах хэмжээний дарамт шахалт үзүүлдэг нь яах аргагүй харамсах сэтгэл төрүүлж байгаа юм.

 

   Ийнхүү ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргилын ажлаа өглөө, өгөх гэж байна гэсэн олон янзын мэдээлзл эцэстээ нэгэн үе дорнодчуудын итгэлийг хүлээж, УИХ-д сууж байсан одоо бол шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлтэй холбоотой таагүй үйлдлийг ил боллоо. Харин тэрбээр энэ олон хууль бус үйлдлийнхээ талаар өөрөө ямар тайлбар хийх нь олон хүний анхаарлыг татаж байна.

Л.ОЮУ