Жил бүрийн 07-р сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгодог. Энэ өдөр их сайхан парад болдог. Энэ парадын бэлтгэл эхлээд байгаа ч нэг л урагшгүй байна. Тодруулбал, урьд нь хамтдаа нэг  байшинд байдаг байхдаа БХЯ, ЗХЖШ Үндэсний их баяр наадмын үеэр болдог цэргийн параданд 9 эгнээ тус бүртээ 13 хүнтэй офицерын 3-4 хайрцаг гаргадаг байсан. Одоо  тус тусдаа бас дээр нь Хуурай замын болон Агаарын цэргийн командлалууд гээд нийт 4 байшинд байрладаг хирнээ 7 эгнээ тус бүртээ  9 хүнтэй офицерын ганц хайрцаг гаргаж чадахаа больж байх шиг байна.

Саяхнаас эхлэсэн парадын бэлтгэл нэг л урагшгүй байгаа сурагтай. БХЯ, ЗХЖШ-ынхны бэлтгэл өдөр бүр явагдаж эхлэсэн ч ирц нь бүрдэж өгөөгүй байгаа гэнэ. Жил бүр л ингэж  онгорхой шүд шиг дутуу хүн нь дутуу жагсаалын бэлтгэл хийдэг байна. 

 Уг нь эх орон ард түмэндээ үнэнч байж, хууль дүрэм, даргын тушаалыг үг дуугүй биелүүлэхээр тангараг өргөсөн цэргийнхэн маань, тэр дундаа төрт ёсны уламжлалт баярынхаа жагсаалд бусдыгаа манлайлан оролцох ёстой БХЯ, ЗХЖШ-ынхан тун хойрго хандах юм. Тогоотой сүүтэй зүйрлэвэл өөрт нь ашигтай өрөм тос болсон гадаад орнуудад улсын зардлаар суралцах, гадагшаа энхийг сахиулахаар ажиллагаанд явах  болохоор хамгийн ихээр явдаг БХЯ-ныхан бүгдээрээ, мөн “ажил ихтэй”-гээрээ ялархаж  бие биентэйгээ барьцсан ЗХЖШ-ын архаг болон төлгөн хурандаа нар нь, бас том дарга нартаа эрхэлсэн зарим нэг ахлах болон дунд офицерууд өөрт нь ашиггүй хусам болсон цэргийн параданд жагсахаас элдэв шалтаг хийн зайлсхийж бултдаг гэнэ. Үүнийг ардын зүйр цэцэн үгэнд ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг гэж хэлдэг.

Чих зөөлөнтэйгээр нь  цэргийн ангиудынхаа хөөрхий муусайн офицер ахлагч нарыг авчирч дутуугаа гүйцээж дундуураа гүйцээдэг. Гүйцээгээд ч гүйцэд бүрдэж өгдөггүй. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо бас ухаангүй ноёны урагшгүй албат гэгчээр парад удирдах, зохион байгуулах шат шатны дарга нар нь  доошоо мэргэжилтэнгүүддээ даатгаснаас болж нэг л бүрдэж өгөөгүй л байна. Зохион байгуулж буй хэдэн ч хонх дуугарахаар дамар нь таг, дамар дуугарахаар хонх нь таг гэгчийн үлгэрээр бие биендээ найдаад бас барьцаад ээлжлэн алга болдог.

Иймэрхүү байдал ганц энэ парад биш бусад зүйл дээр ч давтагдаж улмаар доошоо анги салбарууддаа муугаар халдварлан ажиллагаандаа явах болохоороо бүгд л ухасхийж ёслолын парад, маршийн тэмцээнд хойшоо сууж татах танил тал муутай ядарсан нэгнээ түлхэж оруулдаг. Нөгөө орсон зарим ахлагч нь маршийн тэмцээний бэлтгэлийн үеэр ачааллаа даахгүй амиа алдсан явдал хэдхэн жилийн өмнө 120 дугаар ангид болсон.

Парад командлах Р.Сүхбат генерал аа, та энэ өөрийнхөө ЗХЖШ-ынхаа хайрцагт ялархсан хурандаа нар, эрхэлсэн офицеруудаа оруулж дөнгөхгүй байна уу?

Парадыг хүлээн авах Н.Энхболд сайд аа, таны хариуцсан салбарт ажлын хариуцлага, цэргийн сахилга нэг иймэрхүү л байна. Улсын зардлаар гадаадад олон удаа суралцдаг атлаа анги салбарт ажиллах тэр дундаа хөдөө явахаас айдаг БХЯ-ныхаа “бэртэгчингүүд”-ийг параданд нь оролцуул. Хуучны нэгэн кинон дээр хувьсгалч хүний гар даарах ёсгүй бол таны ч гар даарах ёсгүй гэдэг шиг танай яамныхан ажил ихтэй бол анги салбарт ажиллагсад ч бас ажил ихтэй.

Таны энэ салбарт ирээд хийсэн ажил гэвэл Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хууль зөрчиж намынхаа хуучин даргын хүргэнийг яамныхаа газрын даргаар, бас өөрийнхөө хамаатан  хурандаа Баяр-Очирыг тендер шалгаруулдаг ЗХЖШ-ын Материал хангалтын хэлтсийн даргаар тус тус томилсон буюу томилуулсан гэдгийг танай яамны эхсурвалжууд хэлж, ярьж байгаа.  Үнэн худлыг та албан ёсоор мэдээлэх биз...

Параданд жагсахаас ингэж бултдаг БХЯ, ЗХЖШ-ынхан эх оронд аюул учрахад гүйгээд ирж чадах болов уу яадаг бол? Аль эсвэл зугтаад алга болох болов уу? Магадгүй шүү.

“Тунгалаг Тамир” кинон дээр намын хурал дээр өөрийнх нь завхай явдлыг нэгэн эмэгтэй ил хэлсэнд ихэд ичиж бас эгдүүцсэн Заяын хүрээний  гэсгүй ламтан “ Ардын засгийн сайдын дэргэд ийм балай юм ярих гэж байдаг аа. Намын хэргийг ч бузарлаж байна даа гэж хэлдэг. Түүн шиг БХЯ, ЗХЖШ-ын “бэртэгчингүүд” олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээгээр Төрийн болон албаны нууц задлалаа гэж сүржигнэх байх. Уг зохиолд “Намын хэргийг бузарлах биш. Гэсгvй таны бузар явдлыг уудалж байна” гэж нэгэн энгийн ардын хэлээд шоолдог шиг Төрийн болон Албаны нууцыг биш ээ, танай БХЯ, ЗХЖШ-ынхны арчаагүй бэртэгчин байдлыг  л шүүмжиллээ. Шүүмжийг эерэгээр хүлээн авна биз ээ...