Эрдэнэт үйлдвэрийн “их зогсолт” энэ сарын 29-ний өдрөөс 48 цаг үргэлжилнэ. Оны эхнээс их засварт бэлтгэх төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд бараа материалын нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногийн байдлаар 75  хувьтай байна. Үлдсэн нь замдаа яваа бөгөөд энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ирнэ. Үүнээс өмнө үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж болох төв корпусын хоёрдугаар тээрмийг бүрэн хэмжээгээр солих ажлыг дуусгахаар шамдаж байна. “Их зогсолт”-оос өмнө шинэ тээрмийг залгах нь засварын ажилд  чухал нөлөө үзүүлэх аж. Иймээс Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн цаг ашиглалтын өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зогсоох, залгах технологийн процессын үеэр металлын алдагдал нилээн гарч, цагийн ачаалал буурдаг. Тиймээс “их зогсолт”-оос өмнө сарын төлөвлөгөөг шахаж биелүүлэхээр уурхайчид хичээн ажиллаж байна. Энэ жилийн “их зогсолт”-оор 92 ажил хийхээр төлөвлөжээ.


М.ГЭРЭЛ