ЯПОНЧУУД 2:1-ЭЭР КОЛУМБЫН ШИГШЭЭГ ХОЖИЖ 3 ОНООТОЙ БОЛОВ

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы шигшээ багийн халз тулаанаар болж, 2:1-ээр Японы багийн хожлоор өндөрлөв.

Тоглолтын нэгдүгээр хагасын 6 дахь минутад Японы багийн тоглогч Юя Осакагийн хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Колумбын хагас хамгаалагч Карлос Санчес гараараа хүрч хаасан. Улмаар талбайн шүүгч Карлос Санчест улаан хуудас өгч, Японы багаас Шинжи Кагава 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай хийж, япончууд 1:0-ээр тэргүүлж эхэллээ.

Колумбын шигшээ баг хэдийгээр арвуулаа үлдсэн ч уйгагүй зүтгэлийн дүнд Радамел Фалкао дээр гаргасан алдааг гоол болгож чадав. Ийнхүү Колумбын багаас 39 дэх минутад Хуан Кинтеро хаалттай цохилтоос гоол оруулж, тоглолтын харьцааг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөв.

Харин тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш Японы баг тасралтгүй довтолгоо өрнүүлсэн. Үүний үр дүнд тоглолтын 73 дахь минутад Японы тоглогч Юя Осака  булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулан багтаа хожил авчирлаа.
 

ПОЛЬШИЙН ШИГШЭЭ СЕНЕГАЛЫН ШИГШЭЭД 2:1-ЭЭР ХОЖИГДЛОО

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн Польш-Сенегалын шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болж, сенегалчууд польшчуудыг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын хамгийн харамсалтай авто гоолыг Польшийн хамгаалагч Ционек Тьяго өөрийн хаалгандаа хийж сенегалчууд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм.  Улмаар Сенегалын довтлогч Ньянг Мбайе 61 дэх минутад гоол оруулснаар польшчууд бүр 2:0-ээр хожигдож хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм.

Харин тоглолтын 86 дахь минутад Польшийн хагас хамгаалагч Крыховяк Гжегош гоол оруулснаар Польшийн шигшээ баг 2:1-ээр Сенегалын шигшээ багт хожигдлоо. Энэхүү тоглолтыг Спартак цэнгэлдэхэд 44190 үзэгч ирж үзсэн байна. 
 

ОРОСУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТНОО ЕГИПЕТИЙГ 3:1-ЭЭР ХОЖИЖ ДАШТ-ИЙ 2 ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн ОХУ-Египет улсын шигшээ багуудын халз тулаан Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэхэд 64468 үзэгчдийн өмнө болж, 3:1-ээр оросууд өрсөлдөгчөө хожиж энэ удаагийн ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгууллаа.

Тус тэмцээний хоёрдугаар хагасын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж оросууд тэргүүлж эхэлсэн.

Харин Денис Черышев 59 дэх минутад гоол оруулснаар 2:0 болсон бол  Артем Дзюба гуравхан минутын дараа буюу 62 дахь минутад дахин гоолдож 3:0-ээр ОХУ-ын шигшээ баг хол тэргүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм.

Энэхүү тоглолтын 73 дахь минутад Египетын Мохамед Салах гоол оруулснаар оноо 3:1 болов. Төгсгөлийн 20 гаруй минутад аль аль нь гоол хийж оноогоо ахиулж чадалгүйгээр ийнхүү оросууд 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.

Денис Черышевыг 2018 оны ДАШТ-д гурав дахь гоолоо оруулж, алдарт Роналдогийн амжилттай зэрэгцэхэд хамгаалагч Мариу Фернандес, хагас хамгаалагч Александр Самедов хоёрын дамжуулалт том дэмжлэг болсныг энд онцлох ёстой. Мөн Артем Дзюба энэ ДАШТ-д хоёр дахь гоолоо оруулаад байгаа юм.