ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий 12 дахь өдрийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өчигдрөөс эхлэн хэсгийн сүүлийн гурав дахь тоглолт эхэлж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхлэв.

Өнгөрсөн шөнө нийт дөрвөн тоглолт болж, “А” хэсгээс Уругвай, ОХУ, “В” хэсгээс Испани, Португалын багууд шалгарч шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

Уругвай хэсгээ тэргүүлж ОХУ хоёроор шалгарлаа

“А” хэсэг:

ОХУ-Уругвай 0:3

  • Гоол: Луис Суарес 10’, Денис Черышев 23’ (өөрийн хаалганд), Эдинсон Кавани 90’

Энэ хэсэгт ОХУ, Уругвай, Саудын Араб, Египетийн багууд багтсан. Нээлтийн тоглолтоос эхлэн шуугиан тарьж байсан тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ багууд хэсгээсээ шалгарах нь тодорхой болсон юм.

ОХУ, Уругвайн тоглолт өнгөрсөн шөнө Самар хотын “Космос Арена” цэнгэлдэхэд болж, уругвайнчуудын ялалтаар өндөрлөлөө. Хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлэх байсан ч Уругвайн шигшээ баг гурван хожилтойгоор хэсгээ тэргүүлэв. Харин ОХУ хэсгийн хоёрдугаар байраар шалгарч “В” хэсгийн тэргүүн багтай өрсөлдөх болов.

Саудын Араб – Египет 2:1

  • Гоол: Мохамед Сала 22’, Салман Аль Фараж 45+6’, Салем Аль Давсари 90+5’

Хоёр баг хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон ч хожил авах нь чухал байсан юм. Волгоград хотод болсон тоглолт Саудын Арабын ялалтаар өндөрлөсөн.

Тоглолтын эхний гоолыг Египетийн Мохамед Сала 22 дахь минутад оруулж, египетчүүд тэргүүлж эхэлсэн. Харин 41 дэх минутад Египетийн хамгаалагч Ахмед Фати өөрийн шугам дотроо гар хүрсэн тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заасан. Энэ цохилтыг Саудын Арабын Салем Аль Давсари гүйцэтгэсэн ч 45 настай хаалгач Эссам Эл Хадари амжилттай хаасан юм. Египетийн хаалгач Эссам эл Хадари 45 нас, 161 хоногтойдоо ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогчоор бүртгэгдлээ.

Нэгдүгээр үеийн төгсгөлд Саудын Арабын тоглогч Салман Аль Фараж торгуулийн цохилтыг амжилттай болгож, тоог тэнцүүлж чадсан юм. Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгчийн мэдлийн таван минутад Салем Аль Давсари хожлын гоолыг оруулсанаар Саудын Араб энэ удаагийн дэлхийн аваргыг ялалтаар өндөрлүүллээ. Мөн арабчууд ДАШТ-д хийсэн сүүлийн 12 тоглолтод хожиж чадаагүй үзүүлэлтдээ цэг тавилаа.

Испани, Португал цааш тоглож, Иран гэртээ харина

“В” хэсэг:

Иран - Португал 1:1

Испани - Марокко 2:2

В хэсгийн Иран, Португалын тоглолт хамгийн их анхаарал татаж байсан юм. Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт өрсөлдөөнтэй болж, 1:1-ээр тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь Португалын хувьд ашигтай хувилбар байж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Харин талбайд Португалыг хожих даалгавартай гарсан Ираны шигшээ баг тэнцээ хйиснээр гэртээ харихаар боллоо.

Тоглолтын 45 дахь минутад Португалын тоглогч Рекардо Күарезма эхний гоолыг оруулснаар португалчууд тэргүүлж эхэлсэн. Улмаар 54 дахь минутад К.Роналдо 11 метрийн торгуулийн цохилтоос цохилт хийснийг хаалгач амжилттай хааж чадсан юм. Роналдо тоглолтын 83 дахь минутад шар хуудас авлаа. Иранчууд гоол оруулах гэж зүтгэсэн ч 94 дэх минутад Ансарифард тэнцээний гоолыг оруулж чадлаа. Хэдийгээр талбайд заавал хожих даалгавартай Ираны шигшээ баг Португалтай тэнцэж, дөрвөн оноотой болсноор шөвгийн 16-д үлдэж чадсангүй.