Дахиад нэг хүүхэд тоглож яваад харамсалтайгаар амиа алдлаа

Хэлэх ч үг алга. Бачуурч бачимдаж, харааж зүхмээр, хашгирмаар, уйлмаар санагдаж байна. Яагаад, яагаад томчууд бидний тоомжиргүй хариуцлагагүй байдлаас болж тоглож явсан хүүхдүүд эндэх ёстой гэж. Яагаад шат шатандаа хариуцлагагүй байдаг юм бэ. Ёстой хүүхдэд ээлгүй Монгол юмаа. Хараал идсэн, хариуцлагагүй нийгэм гэдгийг харж байна, үзэж байна.
 
Өчигдөр орой гэхэд бас л гадаа тоглож явсан хүү тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороололд 20.30 цагийн үед 10 настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарав.

Хүүхэд Эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд ил цахилгааны утас хаалганд нь тохогдсон байсан гэх мэдээлэл байгаа юм.  Гэвч зарим нэгэн эх сурвалж талийгаач хүүг эм авах гэж эмийн сан руу орохдоо төмөр хаалганы бариулаас барьж тогонд цохиулсан гэх.

Үнэхээр харамсалтай. Энэ нийгэмд чинь айх аюулгүй айдас хүйдэсгүй амьдрах ч аргагүй болсон юмуу даа.
 
Дээрх золгүй хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад, “Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна. Маргааш өглөө тодорхой мэдээлэл өгнө” гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
Тэр Эмийн сангийн ажилтнууд ил задгай цахилгааны утсаа яагаад цаг алдалгүй янзалчихаж болоогүй юм бэ. Томчууд бидний буруутай үйлдлээс болж хүүхдүүд золгүй байдлаар амиа алдаж, хохирсоор байх гэж үү.
 
Хэдхэн хоногийн өмнө тогтоол усанд осолдож амиа алдсан хүү, мөн сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү хаалганд цохиулж амиа алдсан хэргүүдийн дуулиан намжаагүй байтал дахин ийнхүү 10 настай хүү бас тогонд цохиулж амиа алдлаа.
 
Хэрвээ хөлбөмбөгийн хаалганы төмрийг бэхэлсэн байсан бол 11 настай хүү амьд байх байсан. Ил гаргасан цахилгааны утсаа далд хийсэн байсан бол 10 настай хүү амьд байж, гэр бүлийнхнээ гэрэл гэгээ, баяр баясал нь байх байлаа. Дэндүү харамсалтай, золгүй хэргүүд гарч байна. Яачихсан нийгэм гэхээрээ ийм харгис хатуу байдаг юм бэ. Үр хүүхдээ хаана тоглуулах юм бэ, тоглоом нь хүртэл аюултай болчихсон энэ үед аюулгүй, айдасгүй нийгмийг хүсээд ч нэмэргүй бололтой. Үнэндээ айж байна. Хаа хаанаа хариуцлагатай ажиллаж сурах хүртэл хэдэн хүүхдийн амь хэрэгтэй юм бэ.
 
Хэн нэгний хариуцлага, хэнэггүй байдлаас болж өдий хүрсэн хүүхдээ золгүй байдлаар алдахаар аав ээжид ямар байх олигтой байх билээ дээ. Үнэхээр гол харлаж, зүрх шимширч байна.
 
Тиймээс Эмийн сангийн тэр хавьд хариуцлага хүлээх бүх хүнд хатуу шийтгэл оногдуулахыг шаардъя. Хатуу хариуцлага заавал тооцуулъя. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ Монголын төрөөс шаардаж байна. Хүний амь насаар дэнчин тавьсан нийслэл.

Өнөөдрөөс эхлэн бүх байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын чиглэлээр үзлэг шалгалтуудыг байгууллага дотроо явуулж эвдэрсэн тоног төхөөрөмж, эд зүйлсээ засах аян өрнүүлэхийг уриалж байна.



О.Сайхан
Оллоо.mn