Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг ирэх сарын 25-26-ны өдрүүдэд  ээлжит чуулганаа хийхээр бэлтгэж байна. Энэхүү чуулганаараа МУЗН үйл ажиллагааны шинэчлэлийн нэгэн үеэ эхлүүлж байгаа  юм. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэг  дүрмийн болоод хөгжлийн баримт бичгүүдээ батлахас гадна төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдээ хэлэлцэнэ.

Чуулган болохтой холбогдуулан дунд шатны хороодын дарга нар оролцсон уулзалтыг зохион байгууллаа.  Энэхүү уулзалтаар чуулганаар хэлэлцэгдэн батлах  дүрмийн шинэчлэл болон хөгжлийн баримт бичиг болох “Стратеги-2020”-д  тусгах санал бодлоо ярилцсан юм.  Энэ үеэр нэгэн чухал үйл ажиллагаа болсон нь МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжих УИХ-ын гишүүдийн “Парламентийн бүлгэм” байгуулагдсан. Улаан  загалмайн парламентын бүлгэмд одоогийн байдлаар  13 гишүүн нэгдэхээ илэрхийлээд байна.

Тэдний төлөөлж УИХ-ын гишүүн, МУЗН-ийн дэд ерөнхийлөгч Ё.Отгонбаяр болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар хүрэлцэн ирсэн байна.

Бүлгэмийн гишүүд  УИХ-ын чуулганаар батлагдах гэж байгаа Хүмүүнлэгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт  бичиг болон Улаан загалмайн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулан баталхад идэвхийлэн оролцох бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс хамтран ажиллах юм.