Францын цуутай гэмт хэрэгтэн Рэдуайн Файд 1990 онд банк дээрэмдсэн хэргээр 30 жилийн хорих ял авч байсан ч 10 жил хоригдсны эцэст суллагдсан юм.

Үүний дараа 2011 онд нэгэн дээрмийн үйл ажиллагааг зохион байгуулсан хэргээр баривчлагдсан юм. Энэ үеэр цагдаагийн офицер амиа алдсан бөгөөд түүний үхэлд Рэдуайн Файдыг буруутгаж 25 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Парис хотын ойролцоох шоронд хоригдож байсан Рэдуайн Файдыг одоо цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа аж.

Учир нь өнгөрсөн ням гарагт түүнийг нисдэг тэргээр оргуулсан байна. Нүүрээ багаар халхалж, зэвсэглэсэн гурван этгээд нисгэгчийг барьцаалж, онгоцыг шоронгийн хашаанд газардуулсан байна. Дрон ашиглан шоронгийн орчин, байдлыг сайтар судалсны үндсэн дээр уг оргон зайлах ажиллагааг маш өндөр зохион байгуулалттайгаар үйлдсэн хэмээн Францын хууль зүйн сайд Николь Беллубэ мэдэгджээ.

Гэмт хэрэгтнүүдийг Рэдуайн Файдыг оргуулсныхаа дараа нисдэг тэргийг Парисын хойд дүүрэгт орхиж цааш машинаар зугтсан гэж үзжээ. Харин нисгэгч залуу ямар нэгэн бэртэл аваагүй байна. 

 

Эх сурвалж: Seen.mn