Бразилчууд Мексикийн шигшээг 2:0-ээр хожлоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бразил-Мексикийн тоглолт ОХУ-ын Самар хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 22 цагт эхэлж, 2:0-ээр дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. 

Энэхүү тоглолтын хоёрдугаар хагасын 51 дэх минутад довтлогч Неймар хагас хамгаалагч Виллианы дамжуулалтаар анхны гоолыг оруулж бразилчууд тэргүүлж эхэлсэн юм.

Харин тоглолтын 88 дахь минутад Неймарын дамжуулалтаар довтлогч Фирмино Роберто хоёр дахь гоолыг Мексикийн хаалганд оруулж 2:0-ээр хожиж, 2018 оны ДАШТ-ий ¼ шигшээд өрсөлдөх эрхтэй болов.

 

Бельгичүүд Японы шигшээг 3:2-оор хожиж гэрт нь буцаалаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бельги-Японы шигшээ багийн тоглолт Донын Ростов хотын “Ростов арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнөө шөнийн 02 цагт эхэлж, 3:2-оор бельгичүүдийн хожлоор өндөрлөв.

Энэхүү тоглолтын 48 дахь минутад хагас хамгаалагч Сибасакигийн дамжуулалтаар Генки Харагути анхны гоолыг Бельгийн хаалганд хийсэн бол үүнээс 4-хөн минутын дараа хагас хамгаалагч Такаси Инуи,  Кагавагийн дамжуулалтаар дахин гоол оруулснаар япончууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм.

Харин энэ тэргүүллийг Бельгийн хамгаалагч Ян Фертонген 69 дэх минутад таслан зогсоож гоолын тоог 2:1-ийн харьцаатай болголоо. Улмаар Эден Азарын тусламжтай Маруан Феллаини 74 дэх минутад тэнцээний гоолыг оруулж 2:2 болгож чадлаа.

Ийнхүү Япон, Бельгийн шигшээгийн тулаан 20 шахам минут үргэлжилсэний эцэст Тома Менье, Кевин  Де Брейне нарын дамжуулалтаар Насер Шадли (90+4) дэх минутад хожлын гоолыг хийж  (3:2) бельгичүүд, япончуудыг гэрт нь буцааж чадлаа.