Өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөөр Их наран хутагт хэмээн өөрийгөө өргөмжилсэн нэгэн эрийн зураг олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Өөрийгөө Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн хэмээн өргөмжилсөн Их наран хутагт гэгч нэгэн өөрийн цахим хуудсандаа “Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгаар явж Монгол Улсын зэвсэгт хүчний салбар цагдаа, цэргийн байгууллагад тахилга хийж, соён гэгээрүүлэх хүрээнд тусгай лекц номлол айлдлаа” хэмээн бичсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд амжлаа.

Олон нийт шашин төр хоёрыг хослуулж болохгүй, иргэдээ хамгаалах ёстой цэрэг, цагдаа нар мухар сүсгээр мунхруулах ажил хийлээ гэх шүүмжийг хэлж байна.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү цахим хуудсандаа “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэж мэдээлжээ.