Мэргэжлийн киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээн 2018 оны 7-р сарын 01 өдөр Японы нийслэл Токио хотноо боллоо.

Тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэй 9 насны ангилалд Х.Эрхсаран, 10 насны эрэгтэй төрөлд Н.Нэгүн, эрэгтэй долоон насны төрөлд Н.Нэмүн нар хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон юм.

Монголын баг тамирчдыг Улаанбаатар дожогийн багш О.Хонгорзул дасгалжуулсан бөгөөд тэд Японы нийслэл Токио хотноо тэмцээн болохоос 14 хоногийн өмнө очиж бэлтгэлээ базаасан байна.

Эрэгтэй долоон насны ангилалд оролцсон "Oрчлон" сургуулийн 1B ангийн сурагч Н.Нэмүн хүрэл цомын эзэн болсон юм. Бид түүнийг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж тэмцээний талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

Н.Нэмүн: Киокушинкай каратэгаар хичээллээд хоёр жил болж байна. Би Монголд хоёр удаа улсын аваргад ороод түрүүлсэн. Японд гурван удаа  тэмцээнд  оролцсон. Анх таван настайдаа Дэлхийн аваргад орохдоо хүрэл цомын төлөө тулалдаад ялагдаж байсан. Харин энэ удаад хүрэл цомын эзэн болсон. Тэмцээнд орох гоё байна.

1964 онд Киокушинкай каратэ үүссэн бөгөөд өдгөө Японы үндэсний спортын нэг төрөл болтлоо хөгжсөн бөгөөд Монгол улсад хөгжөөд 20 гаруй жил болж байгаа. Жилийн жилд “хүчний карате”-аар хичээллэж байгаа хүний тоо нэмэгдсээр байгаа.  

Өөрөөр хэлбэл олон зуун сая хүн хичээллэдэг уг спортын чансаа өндөр мэргэжлийн тэмцээнээс Монгол хүү анх удаагаа медалийн эзэн болно гэдэг нь Монголын бахархал юм.

Н.Нэмүний энэ амжилт нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүүхдийн киокушинкай каратэгийн төрлөөр цом авч байгаа тохиолдол юм. Өмнө нь Монгол Улсаас уг тэмцээнд манай улсын тамирчид оролцож байсан ч ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд долоон настай хүү мэргэжлийн тамирчдын медалийн салхийг хагалж байгаа нь энэ.

Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар энэ жил цомын эзэн боллоо. Хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан мэргэжлийн киокушинкай каратэгаар хичээллэх нь олон давуу талтай бөгөөд хүүхэд залуусыг энэ спортын төрлөөр шаргуу хичээллэхийг бяцхан тамирчин Н.Нэмүн уриалсан юм.

Монголын баг тамирчдын хувьд 2019 оны 04-р сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор төлөвлөөд байгаа аж.