Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт зохион байгуулж байна.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Монгол улсад 1956 оноос /хуучнаар/ ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэн хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэн тус спортын үндэс суурийг тавьжээ. Анхны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 1966 онд Сэлэнгэ аймгийн Шарын гол, 1968 онд Улаанбаатар хотод Гал унтраах ангиудын хооронд байлдааны тархалт, довтолгооны шат, гурав сунадаг шат, 4х100 метрийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй.

Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулж иржээ. 

 22 дахь  удаагийн улсын аварга шалгаруулах  Гал унтраах техникийн олон төрөлт спортын  тэмцээнд “Алтан гадас”,  “Мөнгөн дуулга”,  “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер 18, спортын мастер, дэд мастер 197, I, II, III зэрэгтэй нийт  600 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр 07 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.