Дархан-Уул аймагт үе үехэн сөхөгдөөд хаагддаг хэргүүд олонтой гардаг билээ. Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан, одоо “Саран” клиникийн эмнэлгийн эзэн, давхар Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчийн албыг хашдаг Л.Золбоот хэмээх эрхмийн хэрхэн албан тушаал эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж байгаа талаар эмч ажилчид, ЗДТГ-ын ажилчид болон нутгийн ард иргэд дор бүрнээ ярьдаг боловч тэр бүр ил гаргаж ирэх “зоригтон” олдохгүй.

Урд нь тэрбээр хэд хэдэн удаа хуулийнханд шалгагдаж, тэр бүү хэл 2006 онд Ганц худагт баривчлагдан хоригдож байсан боловч нутгийн найз, нэг ангийн хүүхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжлэгтэйгээр “уснаас хуурай гарч байсан” түүхтэй. Улсын эд хөрөнгийг шамшигдуулах, тендерт өөрийн хамаатан садан, өөрийн талын хүнээ ялуулах, эмнэлэгт засвар хийх нэрийн доор үлэмж хэмжээний хөрөнгийг хувьдаа завшин дараа нь ул мөрөө маш чадварлаг баллаж чаддаг нэгэн. Одоогоос 10 гаруйхан жилийн өмнө тэрбээр Дархан-Уул аймагт шилжин ирэхдээ хураасан хөрөнгө байтугай орон байргүй, байр түрээсэлж амьдардаг байсан бол одоо 4 давхар асар том хувийн эмнэлэг, хотын А зэрэглэлийн бүсэд хувийн хаус, Toyota Landcruiser 200, Wolkswagen Touareg зэрэг автомашинтай, хүүхдүүдээ АНУ болон гадаадын их сургуульд явуулах хэмжээний хөрөнгөтэй болсон нэгэн.

Түүнээс гадна хир хөрөнгө хураасан, улсад чухам хичнээн төгрөгний хохирол учруулсан нь одоогоор тодорхойгүй. Түүний энэ асар богино хугацаанд хөрөнгөжсөн нь маш их будилаантай бөгөөд олон ч албан тушаалтнууд холбоотой гэдгийг олон хүн баталж чадна. 2000 оны эхээр тэр Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албыг давхар хашиж байх хугацаандаа ерөнхий нягтлан Галъяагийн “амыг барин” жил бүр эмнэлгийн засвар, сангийн засвар, дээврийн засвар хийх нэрийдлээр ямар ч хяналтгүйгээр хэдэн арван сая төгрөг жил бүр зарцуулж байсан. Энэ 2 өндөр албыг зэрэг хашсан тохиолдол ондоо аймгуудад байна уу?

Нэгдсэн эмнэлгийн дээврийн ажил: Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дээврийг 2001-2005 онуудад тухайн үеийн хамгийн муу материалаар солисны улмаас хэд хэдэн удаа салхинд хийсэн тухай бүрд сая саяар нь хөрөнгө заран солих ажлыг хийж эхэлсэн. Нэгдсэн эмнэлгийн төв байр, амаржих, хүүхдийн болниц, Поликлиник, Сүрьеэгийн тасаг болон сэтгэцийн тасаг гээд салангид маш олон байрны дээврийн ажилд тухайн үед чухам хэдэн төгрөг зарсан тооцоо одоо хүртэл маш бүрхэг хэвээр байна. 2007-2008 онд Эмнэлгийн шалны хулдаас солилтонд тухайн үеийн НЭ-ийн ерөнхий эмч Ц.Баясгалантай хамтран 50 сая төгрөг зарцуулж байсан гээд бодохоор овоо тоо байгаа биз. 2007-2008 онд асар богино хугацаанд тэрбээр 3 давхар (зоорийн давхар оруулбал 4 давхар) 40*15метр “Саран” клиникийн эмнэлгийг бариулан ашиглалтанд оруулав. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн эгэл жирийн ардад үйлчилдэг Нэгдсэн Эмнэлэг тийм хэмжээний хөрөнгөөр хөгжиж болох байлаа гэж бодохоор аймшигтай байгаа биз.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу