Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурьдсан билээ.

Уг захидалд ялангуяа: "Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна. Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм." хэмээсэн нь нэн ач холбогдолтой санал байлаа. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд энэ оны 3-р сард АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад илгээсэн захидал дахь саналуудыг ажил хэрэг болгох чиглэлээр тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзан, уг асуудлыг биечлэн хөөцөлдсөн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, З.Энхболдын биечлэн хөөцөлдсөн ажил биеллээ олж эхэллээ. Тодруулбал АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо, Дина Тайтус нар “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг  7 дугаар сарын 26-нд  АНУ-ын Конгресст өргөн барив. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх боломж бүрдэх юм.

 

Э.Мягмар

sonin.mn