Зуны дэлгэр цаг болж байгаатай холбогдуулан иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байгаа билээ. Амралт зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд замд гарч байгаа иргэд та бүхэн авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, хамгаалах бүсээ зүүж анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд олон хоногийн үргэлжилсэн амралтын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх дотоод, гадаадын аялагч нар, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн өөрсдийгөө дахин илүү амьтай мэтээр төсөөлсөн жолооч нар их болж гэж хэлж болно. Тэдний хувьд орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зэрэг нь өөрийн болоод өрөөлийн эрүүл мэнд амь насанд ноцтой аюул учруулах эрсдэлийг бий болгож байна гэдгийг тэр бүр ухаарахгүй байгааг цохон тэмдэглэмээр байна. 

Жолооч нарын хариуцлагагүй байдлыг ганцхан сарын буюу 7 сарын амралтын үеийн цөөнхөн хэдэн хоноийн үзүүлэлтээс харж болно. 

2018 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ.

Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ бол наадмын үеийн л үзүүлэлт тэгэхээр үүнийг бүтэн жилээр тооцвол хэдэн хүн зам тээврийн ослоор хорвоог орхиж байгаа нь үнэхээр харамсалтай. Манай улс бараг л дайн тулааны нөхцөл байдалтай орон шиг хүн амаа энэ мэтээр зам тээврийн ослоор хохироосоор байх гэж үү.

Энэ бүхэнд жолооч та бүхний ухамсар хамгийн чухал гэдгийг хэзээ ухаарал билээ. Жолооч та машины жолооны ард суусан л бол хүний амь насыг хариуцаж байгаа гэдгээ сайн ухамсарлах хэрэгтэй. Тиймээс дахин амьтай мэт хурд хэтрүүлэн давхихгүй, хөдөлгөөнд соёлч боловсон оролцон бусдадаа хүндэтгэлтэй харилцан хөдөлгөөндөө оролцоорой жолооч нар аа. 

Түүнчлэн та орон нутгийн замд гарвалзамын хөдөлгөөний дүрэмд заасан тохирсон хурдаараа л яваарай. Эртнээс монголчууд бид замд гарсан нэгнээс Та аян замдаа сайн явж ирэв үү гэж асуудаг болохоос Хурдан давхиж ирэв үү гэж асуудаггүй шүү дээ.