Ахуй амьдралаа дээшлүүлэхийг хүссэн олон монгол иргэн өнөөдөр БНСУ-д ажиллаж амьдарч байна. Цалин өндөр ч эрүүл мэндээрээ хохирч амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг хүнд үйлдвэрүүд тэнд олон бий. Үүний бодит жишээг Солонгос дахь монголчуудын группт Mendee Mendee гэх хаягтай иргэн олон нийтэд хуваалцжээ.

 

38841963_1793578674096450_4925162714856161280_n-1 Гэр бүл, үр хүүхдээ гэсэн сэтгэл Солонгост ажиллаж байгаа эр хүнээс л гарна

Тэрбээр “Хоёр өдөр эмнэлэгт найзыгаа сахиж өнжлөө. Бараг л насгүй болсон гэдгээ өөрөө ч мэдэж байсан. “Монгол таун”-ы гурван давхараас цуйван аваад очлоо. Эрүүл хүн шиг инээж чадахгүй ч нүдээрээ инээж байнаа хөөрхий. Би дэргэд нь нулимсаа барьж ядлаа. Зургаан жил волпиром боловсруулах үйлдвэрт  ажиллаж байсан бид хоёрын зан чанар адилхан. Хоюулаа архи, тамхи, пийв хэрэглэдэггүй. Бид хоёр уулзаад тэнд үнэн тасархай итали зайрмаг байна лээ амсаж үзсэн үү, амттан яриад л цагийг өнгөрөөдөг гэх үү дээ. Хүмүүс дугуй дугуйгаа олж найзалдаг гэх үү дээ. Яг тийм байв. Найз минь зургаан жил ажиллаж олсон цалингаа бүгдийг нь монгол руу эхнэртээ явуулж гурван өрөө байр, дунд гарын жийптэй боломжийн амьдралтай болгосон мундаг хүн. Миний найз авчирсан цуйванг өөрөө савхдаад идэж чадахгүй болхоор нь би бага багаар нь болгоомжтой өглөө. Монгол хоолоо их санасан байна гээд уйлж байна аа. Хуурай уйлах гэдэг билүү нулимс нь гарахгүй. Бие нь муу болхоор л нулимс нь гардаггүй байх. Сүүлийн хоёр жил үйлдвэрийнхээ Шигданаас хоол авч идээгүй. Хоолны оронд ийм кофе гурвыг аваад л явдаг байсан. Гэтэл сар болгон эхнэр лүгээ хоолныхоо оронд авч цуглуулсан кофегоо явуулдаг, эхнэр нь зарж мөнгө болгоод алтан гинж ээмэг болгох зэргээр гангардаг байж. Эхнэр нь цалингаас гадна зарж үрж болох юм явуулж бай, чиний ганц цалингаар чинь яаж амьдрах юм салъя гэж дарамт үзүүлдэг байсныг утсан дээрээ бичиж авсан яриагаа арай ядан найз минь сонсголоо.

Энэ удаа би тэссэнгүй уйлчихлаа. Надаас тийм их нулимс гарна гэж бодоогүй. Хүнд хортой ажил хийж байж хоолоо идэлгүй бүх зүйлийг гэр бүлдээ зориулсны хариу 75 кг-45 кг болтлоо турсан миний найз өчигдөр аавуудын баяр болсон. Найзынхаа утсыг үзсэн, эхнэр нь ядаж баяр хүргэсэн байлгүй гэж бодоод хайлаа, гурав хоногийн  өмнө ирсэн мсж. “Гарын үсгээ зураад явуулаарай, бичиг баримт хүнээр онгоцонд өгөөд явуулсан. Байр саваа чамтай хуваана гэж байхгүй шүү” гэсэн мессеж.  хоолны савхаа өөрөө бариад идэж чадахгүй байгаа хүн яаж гарын үсэг зурах вэ, Бүх биеэр нь волиформийн хор тархжээ. Бие нь өвдөөд турж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд гурван давхар өмд, хоёр давхар цамц өмсдөг байсныг мэдэж авлаа.

Гэр бүлээ, үр хүүхдээ гэсэн сэтгэл Солонгост ажиллаж байгаа эр хүнээс л гарнаа. Эхнэрийнх нь өмнөөс найздаа баярын мэнд хүргэе. Цалин буухаар найз нь Солонгосын хамгийн амттай зайрмагийг аваад очноо. Тэр болтол…” хэмээжээ. Найзаа гэсэн сэтгэл, хүн чанараа гээлгүй хүний нутагт хүнд үед нь тусалж байгаа энэ залуугийн нийтлэл олон хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах болов уу.