Улаанбаатараас Сайншандын чиглэлд өчигдөр орой гарсан суудлын 286-р галт тэрэг өнөөдөр 7.30 цагт хотоос 300 гаруй км-т  буюу Айраг сумын орчим замын хажуу руу унаж осолджээ.

Одоогоор ослын талаар замын суурь үерт автаж эвдэрснээс үүдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Машинистуудаас авсан анхны  мэдүүлэгт “Зам гэнэт цөмрөөд зүтгүүр хазайж унасан” гэсэн байна.

Зүтгүүрийн хамт  суудлын хоёр вагон унасан бол, хоёр вагон замаас гарч хазайжээ.Вагонд нийт 328 зорчигч сууж явсан. Хүний амь нас эрсдээгүй ч зорчигчдын олонх нь  бэртэж гэмтсэн. Онцгой байдал, цагдаа,  эмнэлгийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа. Гэмтэж, бэртсэн хүмүүсийг зөөхөд зориулж  МАК-иас ажилчдынхаа автобусыг гаргаж өгсөн. Зорчигчдод   эмнэлгийн тусламж үзүүлэх, шинжилгээнд хамруулах ажлыг холбогдох байгууллагууд хийж байгаа бөгөөд нэгдсэн тоог гаргаагүй байгаа гэв.