Өнгөрсөн онд 22 улсад гарсан 158 халдлагын улмаас хүмүүнлэгийн тусламжийн 313 ажилтан хүчирхийллийн хохирогч болсон тухай НҮБ-ын төлөөлөгч наймдугаар сарын 19-нд болох дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан мягмар гарагт мэдээлсэн байна.

НҮБ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудлыг зохицуулах газрын төлөөлөгч Женс Лаерке мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, дээрх хохирогчдын 139 нь амь үрэгдсэн бөгөөд энэ тоо 2016 онд 107 байсан ажээ.


Нийт халдлагын гуравны хоёр хувь нь Өмнөд Судан, Арабын Бүгд Найрамдах Сири Улс, Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Нигери зэрэг тавхан улсад үйлдэгдсэн байна.

“15 жилийн өмнө Багдадад болсон дэлбэрэлтийн улмаас НҮБ-ын 22 ажилтан амь үрэгдсэн болон 11 жилийн өмнө Алжирт болсон халдлагын улмаас 17 ажилтан амиа алдсаныг энэ жилийн Дэлхийн хүмүүнлэгийн өдөр онцгойлон дурсах болно” гэж Женева дахь НҮБ-ын мэдээллийн төвийн төлөөлөгч Мишель Закчео дээрх хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.