УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага тавьсан. Тэдний зүгээс 60 тэрбумын гэх асуудлыг нэг тийш болгох, улмаар АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй нөхдийг ажлаас нь чөлөөлөх ёстой гэж үзэж буй.

Харин УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй энэ үед ирц бүрдүүлэхгүй, ирэхгүй байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Тэгвэл энэ талаар болон ээлжит бус чуулган хуралдахыг шаардаж байгаа нь хуульд хэр нийцэж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бүх гишүүнийг амраад явчихсан гэх нь хаашаа юм. Тэд одоогоор тойрогтоо ажиллаж байх шиг байна. Ээлжит бус чуулганыг гишүүдийн ирцээс болоод хийх, хийхгүй тухай асуудал гарсан гэж бодохгүй байна. Ээлжит бус чуулган зарлах шаардлагыг манай бүлгийн зарим гишүүн болон АН-ын бүлгээс гаргаж эхэллээ. Ямар ч асуудал байж болно. Гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Засгийн газрын зүгээс сахилга хариуцлагыг хэрэгжүүлэх тухайд улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангадаг гол байгууллагын хувьд шахаж байгаа юм. Тэр ч утгаараа бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстойг дахин хэлье. Нийт гишүүдийн дөрөвний нэгээс дээш гишүүний шаардлагаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн заалт бий. Нөгөө талд нь ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд хуралдуулах вэ гэдэг тухайд ч заалт бий. Эдгээр нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Хувь гишүүний хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэдэг шаардлага нь өөрөө хууль зөрчсөн харагдаж байна” гэлээ.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин